Нислэгийн тоог нэмэгдүүлбэл жуулчдын эргэлтийг сайжруулна гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

-МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ АВИА КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА-

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар өчигдөр (2022.01.31) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Цар тахлын нөлөөнд ихээр өртөж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж буй аялал жуулчлалын салбарын 1600 орчим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сэргээх ажлын явцыг хурдасгах хүрээнд шахуу хуваарийн дагуу ажлын уулзалтуудыг зохион байгуулж буйн нэг нь тус уулзалт юм.

Уулзалтад

  • “Turkish Аirlines” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Али Өздэмир,
  • “Aeroflot” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тумэн Геннадьевиз,
  • "Korean Air" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чанг Сан Жэ,
  • “Air Busan” компанийн Монгол дахь төлөөлөгч Д.Баярсайхан,
  • “Asiana Airlines” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Юн Тэ Жүн нар оролцож нөхцөл байдлаа танилцуулав.

“TURKISH АIRLINES” КОМПАНИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА АЛИ ӨЗДЭМИР “Манай байгууллага 2011 оноос нислэгээ эхэлж, 2012 онд 7 хоногт 3 нислэгтэй байсан бол 2022 онд мөн л адил байна. Нислэгийн тоогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Нислэгийн тоо нэмэгдүүлэх хүсэлтийг 3 жилийн өмнө гаргаж байсан. Туркиш Эйрланс бол дэлхийн хамгийн олон оронд нислэг үйлддэг компани юм. Зөвхөн Монгол Улсад нислэгийг суудлын тоогоор хязгаарлаж байгаа. Иймд нислэгийн тоог нэмэгдүүлж, тусгайлсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Европоос зүүн өмнөд Ази, Зүүн өмнөд Азиас Европ гэсэн аяллын маршрутад Монгол Улсыг оруулан аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт хамтран ажиллах боломжтой” гэдгээ мэдэгдлээ.

"KOREAN AIR" КОМПАНИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА ЧАН САН ЖУ “Иргэний нисэхийн салбарт 12 жил ажилласан мэдлэг туршлагатай хүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болсонд талархалтай байгаа. Цар тахлын улмаас аялал, жуулчлалын салбар хоёр жилийн хугацаанд багагүй хүндрэл амссан ч Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарч хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний уулзалт, хэлэлцээрийг хийж байна. Эхний ээлжид Монгол, Солонгос хоёр улсын хооронд зорчих болон визийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа” гэдгийг дурдаад 2022 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд нислэгийг 2-3 дахин нэмэгдүүлэх бэлтгэл ажлууд явагдаж байгааг онцоллоо.

“AIR BUSAN” КОМПАНИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ Д.БАЯРСАЙХАН “Аялал жуулчлалын салбарыг сэргээх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх хүрээнд авиа компаниудтай уулзалт хийж байгаа нь маш чухал. Бидэнд нислэгийн төлөвлөгөө гаргахаас эхлээд нэгдсэн мэдээлэл дутмаг байдаг. Иймд нэгдсэн мэдээллээр хангагдаж, хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд БОАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд оролцох хүсэлт гаргав. “Эйр Пусан” компанийн хувьд Солонгос-Монгол чиглэлд нислэгийн хамгийн хямд тарифтай учир Бизнес эрхлэгчид, аялагчид хамгийн их үйлчлүүлдэг гэдгээ онцлон дурдлаа.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс Аялал жуулчлалын чиглэлээр ямар бодлого баримтлахаа тодорхой болгож бусад улс орны адил зарлах нь нэн тэргүүний ажил гэдгийг дурдаад,

  1. КОВИД-19-ийн нөхцөл байдал гаднаас жуулчин хүлээн авахад бэлтгэх бүх үйл явц нь тодорхой байх ёстой.
  2. Эрхзүйн орчны хувьд сайжруулах хэрэгтэй.
  3. Визний бодлогоо тодорхой гаргах чухал гэдгийг хэлээд “Монгол Улсын хувьд шууд нислэг үйлдэж буй авиа компаниудтай ойр ажиллах зүйтэй гэж үзэж байгаа. Иймд эхний ээлжид Корэйн Эйр компанийн ерөнхийлөгчийг эх орондоо урьж хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Мөн Монгол орны онцлогт тохирсон хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нислэгийн тооцоо судалгааг байгууллага тус бүрээр танилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Үүнээс гадна агаарын тээврийн чиглэлээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх судалгаа шинжилгээ хийгдэж буйг талаар хэлээд зөвхөн МИАТ гэлтгүй дотоодын нислэг үйлддэг жижиг гэлтгүй аж ахуй нэгжүүдийг оролцуулан дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 44 хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын хувьд ч хууль эрхзүйн орчныг сайжруулж, салбар дундын уялдаа холбоог зохицуулах нэн шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд стратегийн түншлэл бүхий Орос, Хятад, Солонгос, Турк, Япон зэрэг орнуудтай ойр ажиллахаа илэрхийлэв. Ингэхдээ аялал жуулчлалын нэмэгдүүлэх эдийн засгийн боломжит орчныг бүрдүүлж, орон нутгийн онгоцны буудлуудыг шаардлагатай бол ашиглалтад оруулж тухайлсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа хэлсэн юм.

Төгсгөлд нь БОАЖ-ын сайд уулзалтад оролцсон авиа компанийн төлөөллүүдээс Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсээд тухайлсан уулзалтуудыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэх хийхээр товлолоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анн(59.153.115.135) 2022 оны 02 сарын 01

Тийзний үнээ багасга. Дэлхийд байхгүй үнэтэй билет МИАТ-д байна.

0  |  0
Top