Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоох шийдвэр сар шинийн өмнө гарсан билээ.
Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-ний олгох тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасан юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2021 оны 12 сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59.1 орчим хувь буюу 270.9 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2021 он)-аар хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт (инфляцийн түвшин) өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4 хувьтай байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэл, хэрэгцээ шаардлага болон батлагдсан төсөвт үндэслэн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50.0 мянгаас дээш төгрөгөөр, 72.3 мянган хүний тэтгэвэр 100.0 мянган төгрөгөөр, 200.0 мянган хүний тэтгэвэр 150.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагчдын авч буй тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 хувь буюу 50.0 мянгаас дээш төгрөгөөр нэмэгдэж байна.
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх дээрх арга хэмжээнд 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 469.4 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн нэмэгдэлд 637.3 тэрбум төгрөг нийгмийн даатгалын сангаас нэмж зарцуулахаар байна.
Сэтгэгдэл ( 5 )
Дундаж давхаргынхны тоог нэмнэ гээд байсан. 100000 хүнийг доод давхарга руу хүчиндээд оруулчихлаа энэ сайд авгай. Засгийн газрын бодлогыг эсэргүүцээд байгаа энэ сайд авгай чинь. Огцруулах дараагийн сайд болж дээ.
Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа.
Ариунзаяа даанч тэнэг хэсэг дундаж тэтгэвэр авч байсан ахмадуудыг голыг нь госойлголоо. Ямарч судалгаагүй ёстой их гомдоолоо шүү.
Саяаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудыг энэ удаа нэмэлгүйгээр 500 с доош авдаг ахмадуудыг нэмэх байсан. \n2000000*15% =2300000 зөрүү 150, 000\n435000*15% =500250. зөрүү 65250. Ингэж болохгүй шүүдээ\nДээр байгаа томчууд ийм л байгаа юм даа\n
Тэтгэвэр нэмлээ гэж хөөрцөглөөд байх шаардлагагүй юм байн шүү. Орон сууцны халаалт дулаан усны үнэ бараг 55% нэмэгдсэн байна. Өмнө нь хуучны 2 өрөө байранд 68,0 мянга төлж байсан бол 1-р сарын төлбөр 109,0 мянга гарчээ. Ингээд л тархи угаахаа мэдэх юмаа энэ төр засаг. Хүрэлсүх ерөнхийлөгчөө нөгөө үнэ өсгөхгүй гэсэн чинь яасан бэ. Өмнө нь төрөөс төлсөн төлбарөө буцаагаад авч байгаа юм даа. Сөөм сөөмөөо ямх ямхаар гэдэг шиг. Ахмадууд минь тэтгэвэр нэмлээ гэж хөөрөх хэрэггүй ээ. Өгснөө буцааж авч байна. Та нарт наалдах юмгүй юм байна даа.