Буян нэрээр луйвар хийгсэд

2022 оны 02 сарын 08

Эдийн засаг хүндэрч, цар тахал нөмөрсөн хэцүүхэн он жилүүдийг бид бүхэн туулж байгаа. Хил хаалттайгаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч асар ихээр нэмэгдсэн нь айл өрхүүдийн амьдрал хэдийнэ нөлөөллөө үзүүлээд эхэлсэн. Бид бүхэн мах, гурил, төмсний үнэ хэрхэн нэмэгдэж байгааг өдөр тутамдаа ярьж, бичиж байгаа ч буян нэрээр бусдын чих, нүднээс далд дуугүйхэн нэмэгдсэн хэсгийг хэзээ ч ярьдаггүй аж.

Тэр бол шашины эд зүйлс, буян номын эд зардаг дэлгүүрүүд. Гандантэгчилэн хийдийн урд бүхэл бүтэн гудамж бий болгосон эдгээр дэлгүүрүүдийн бараануудын үнэ хэтэрхий нэмэгдсэнийг ойрын өдрүүдэд өөрийн биеэр мэдэрлээ. Өмнө нь 300 төгрөг байсан утас 3000 төгрөг болсныг гайхан толгойгоо сэгсэрсэн ламын үйлдэл энэ бүхнийг бодоход хүргэсэн хэрэг л дээ.

Уг нь үнэ ханш нь илт нэмэгдсэн байгааг мэдэж байсан ч талийгаачийнхаа араас буян бодож яваа мань мэт нь тэр бүхнийг тоох сөхөөгүй, сөхөөтэй нэгэн нь буян бодож хэл амнаас болгоомжилон нүдээ аниад хэтэвчээ тэмтэрч явах аж. Элдэв засал хийлгэх, ганц нэгэн ном уншуулахад самбай хадаг, саатай утаснаас эхлээд арц ганга, арвайн гурил хүртэл хэрэг болно. Тэр бүхнийг хажуугийн дэлгүүрээс л авч таарна.

Мэдээж үнэ нь нэмэгдсэн, хэт өндөр үнэтэй болохоор үйлчлүүлэгч яагаад гэхээр “Урдаас орж ирэхгүй байна” гэдэг бэлэн хариулттай болсон байна. Энэ бүхнийг зарим уншигчид маань “мухар сүсэг” хэмээн тодорхойлж, шашны эд зүйлсийг авахгүй байхад л болно гэх байх. Тэр нь зөв. Гэхдээ ойр дотны хэн нэгэн нас барсан бол буян номынх нь ажил, хойдын буяныг нь хийлгэж л таарна. Өөрсдөө мэдэхгүй, чадахгүй учраас өнөөх л хэдэн ламын хэлснээр нөгөө л хэдэн дэлгүүр рүү харайлгана. Энэ бол дорнын уламжлалтай манайх шиг улсын ихэнх хүнд тохиолдох л үйлийн үр билээ.

Үүнээс гадна шашны дэлгүүрүүд НӨАТ огт төлдөггүй. И-баримт ч өгөхгүй, карт уншуулсан тохиолдолд дансны зарлагын мэдээлэл л өгдөг. Гэтэл хуулинд яг тусгайлан заагаад эдгээрийг татвараас чөлөөлчихсөн зүйл, заалт олж харсангүй. Нэг хэсэг Гандан, хийд татвар төлдөг байгаад сүүлдээ үүнийг нь болиулсан. Сүсэгтээ хөтлөгдсөн гишүүдийн хийсэн хэрэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Мөн саяхан улсын төсвөөс тодорхой санхүүжүүлэлт авдаг болох хуулийн заалтыг олон нийт эсэргүүцэж, хэсэгтээ намдсан. Ингэж татвар төлөхгүй байх, төсвийн санхүүжилт зэргийн ард том мяндагтан лам нар бий.

Тэгвэл эдгээр шашны дэлгүүрүүд ч гэсэн цаанаа нэг, нэг ламтай гэсэн яриа сүсэгтэн олны дунд яригдаж байсан. Монгол Улсад хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл оршуулгын зан үйл хийдэг компаниуд, шашны эд зүйл зардаг дэлгүүрүүдэд ялгаатай хандаж, үйлчилсээр байна.

“Зуд болоход нохой зоолж, Зовлон ирэхэд лам цадна” гэсэн эртний үг өнөөдөр ч амь бөхтэй байсаар ажээ.

Үндсэн хуульд “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэж заасан болохоос бус шашнаа ил, далдаар дэмжинэ, татвараас чөлөөлнө гэж заагаагүйг мөн сануулж, энэ талаар зохих байгууллагууд нь шалгалт явуулж, буяны нэр барьж луйвар хийсээр байгаа эдгээр нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг нь болжээ.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(150.129.143.135) 2022 оны 02 сарын 08

Хархад бизнес цаана нь нөгөө л аль банкных нь юм мөнгө угаагчид өр нь нэхэгдээд ирхээр үнийг нь 10 дахин нэмээд хүчээр зархыг л бодоно. Юм хэлвэл үнэтэй бол авахгүй л байхгүй юу хэн хэдээр зарах нь дурын асуудал л гэнэ луйварчдаа дийлэхгүй төр самуурч эхэллээ...

0  |  0
Ard(192.82.78.211) 2022 оны 02 сарын 08

Hund buyn hiiheesee doloon dor lam nar bdgiimaa.

0  |  0
Top