Гурван настнуудыг ИРЭХ ДАВАА ГАРАГААС цэцэрлэгт хамруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцуулж байна.


Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гурван настнуудыг энэ сарын 14 буюу ирэх долоо хоногийн даваа гарагаас цэцэрлэгт хамруулах болсон талаар мэдээллээ. 

Тэрбээр "Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн цэцэрлэгт хамруулна. Гэхдээ энэ насныхныг цэцэрлэгт хамруулахад нэг асуудал байгаа. Хоёр настай хүүхдүүд нь гурван настай анги руугаа шилжсэн учраас бүртгэх шаардлагагүйгээр орсон хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр настайдаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдэд шинээр бүртгэл хийнэ. Энэ нэлээд асуудал дагуулсан зүйл болно. Шинээр үйл ажиллагаанд орсон цэцэрлэгүүд дээр энэ хүүхдүүдийн бүртгэлийг хийнэ.

Гурван насныхныг цэцэрлэгт  бүрэн  хамруулж чадахгүй. Учир нь Монгол Улсын хэмжээнд 76,763 гурван настай хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролын түвшинд 61 хувийг хамруулах л боломж байна. Энэ нь 47 мянган гурван настай хүүхдийг хамруулах боломжтой гэсэн үг. Төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээд шахна. Аль болох олон хүүхэд хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг судалж байна. 3 болон 2 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийнхээ багтаамжийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна.

Бид гурван настай хүүхдүүдийн 61 хувийг, дөрвөн настай хүүхдүүдийн 86 хувийг, таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахыг зорьж ажиллаж байна.

Одоогийн гүйцэтгэлээр бол 5 настай хүүхдүүдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top