ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцлээ

2022 оны 02 сарын 08

"Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл" -ийн Хамтарсан Зохицуулах Хорооны 3 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо.

Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико зэрэг гишүүд, төлөөлөгчид оролцов.  

Өнөөдрийн хурлаар төслийн явц, шинэчилсэн төлөвлөгөөний танилцуулга хийж, Мастер төлөвлөгөө боловсруулах чиглэл, төслийн хэрэгжилтийн шинэчилсэн төлөвлөгөө, хуваарийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

“Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулах зорилготой. 2020 оны 03 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. 

Дэлхий даяар “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед уг төслийн үйл ажиллагаанд ч тодорхой хэмжээний хүндрэл учирч байгаа боловч өнөөдрийг хүртэл туршилтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, экспортын кластер байгуулах, төслийн хүрээнд бий болгох маркетингийн платформ байгуулах бэлтгэл ажил зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top