Амьдрал гэж юу вэ. Энэхүү асуултад ямар ч байдлаар хариулж болдог. Хүн бүр төрөл бүрийн үзэл санаагаар, өөр өөр өнцгөөс тодорхойлох нь бий. Харин би амьдралыг B, C, D гэх гурван үсгийн хооронд оршдог гэж боддог. Англи хэлний энэ гурван үсгийг яагаад амьдрал хэмээн үздэг нь хачирхалтай байж мэднэ. B үсэг нь төрөх буюу birth гэсэн үгийн товчлол. Харин D үсэг нь үхэл буюу death гэсэн утгатай. Харин C үсэг бол амьдралын талаарх үнэнийг агуулсан үсэг мэт санагддаг. С үсэг нь сонголт буюу choice гэсэн утгатай. Хүн төрөх хийгээд үхэх нь үнэн. Энэ бол гарцаагүй байгалийн жам.
Ингээд харвал бид төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд сонголтоор дүүрэн амьдардаг. Алхам бүрд сонголт хийж, хийсэн сонголтоор ажиллаж, амьдарч, амьсгалж байдаг гэхэд буруудахгүй. Харин тэрхүү сонголтыг буруу хэмээн үзвэл change буюу өөрчлөх боломж бий. Өөрчлөхөөр шийднэ гэдэг өөрөө ч мөн сонголт. Амьдрал алган дээр зурайсан мэт харагдахгүй. Дардан замаар явахтай ч адилгүй.
Олон төрлийн сонголт байдаг болохоор амьдрал үргэлж тааварлашгүй, гэнэтийн явдлаар дүүрэн байдаг. Тэр хэрээр амьдрал сонирхолтой санагдах нь хачирхалтай. Дэлхий үүсэхэд хоёр атом хэрэгтэй байсан шиг, хүнийг бий болгоход эс хэрэгтэй байсны адил амьдралыг тодорхойлоход гуравхан үсэг хангалттай мэт. Амьдрал гэж юу вэ. Хариулт нь B, C, D үсэг юм.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )