СҮХБААТАР: Удирдах ажилтнуудын шуурхайн зөвлөгөөн боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Өнөөдөр 2022.02.08/ Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Засаг дарга Х.Болормаа удирдан явууллаа.

Зөвлөгөөний эхэнд дарааллын дагуу Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Цагдаагийн газрын мэдээлэлд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдол өмнөх 14 хоногтой харьцуулахад 5,4 хувиар буурсан, сар шинийн баярын өдрүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван байсан байна. Гудамж талбай, олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн 1994 зөрчлийг илрүүлэн ажиллажээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сар шинэ-2022” ерөнхий арга хэмжээний хүрээнд мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулж хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулсан байна.

Онцгой байдлын алба хаагчид тус хугацаанд гал түймрийн 12 дуудлагад ажиллаж, иргэдийн өмч хөрөнгө, амь насыг авран хамгаалжээ. Мөн гал түймэр, гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгаа, хяналт шалгалтыг хуваарийн дагуу зохион байгууллаа.

Эрүүл мэндийн төвөөс энэ өдрүүдэд дархлаажуулалтын нөхцөл байдал, болон иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар танилцууллаа. Баярын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүдээр нийт 687, Эрүүл мэндийн төвөөр 159 иргэн тусламж үйлчилгээ авчээ. Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багууд 61 иргэнийг хэвтүүлэн эмчлүүлэхээр эмнэлэгт шилжүүлжээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 18 өргөдөл гомдлыг шийдвэрлэж, 5 объектын голомтын ариутгал, халдваргүйтгэлд хяналт тавин ажиллаж, 312 аж ахуйн нэгжүүдэд цахимаар зөвлөмж өгч ажиллалаа.

Шуурхайн төгсгөлд дүүргийн Засаг дарга Х.Болормаа нийслэлийн шуурхайгаас өгсөн болон бусад чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өгч, ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарахыг даалгав. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top