Туркиш Эйрлайнс: Монгол Улс агаарын тээврээ либералчлах хэрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дотоод, гадаадын авиа компанийн төлөөллүүдтэй цуврал уулзалт хийж байгаа.

Тэрбээр өчигдөр  /2022.02.07/ Дэд сайд Г.Түвдэндорж, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нарын хамт “Туркиш Эйрлайнс” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмиртэй уулзжээ.

Тус уулзалтын үеэр “Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир танилцуулгадаа Хятад, Өмнөд Солонгос, Японоос Европ руу чиглэсэн, Европоос Зүүн өмнөд Ази руу чиглэсэн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулж болох талаар дурдав. Ингэснээр багц аяллаар яваа жуулчны зардал огцом нэмэгдэхгүйгээр аяллынхаа замд Улаанбаатар хотыг үзэх боломжтой болно гэдгийг хэлжээ.

Тухайлбал, Европ-Токио-Европ чиглэлийн жуулчны хоёр талын тасалбар 992 ам.доллар байдаг байна. Үүнийг Токио-Европ-Улаанбаатар-Токио болгож өөрчилбөл тухайн зардал 170 ам.доллараар нэмэгдэх аж. Сөүл-Европ-Сөүл аяллын хоёр талын тасалбар 1015 ам.доллар байдаг бол Сөүл-Европ-Улаанбаатар-Сөүл болон өөрчлөгдөхөд 70 ам.доллар нэмэгдэх тооцоо гаргажээ.

2019 оны судалгаагаар Хонконгоос гурван сая, Японоос зургаан сая, Хятадаас найман сая, Өмнөд Солонгосоос есөн сая жуулчин багц аяллын хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгээр Европ руу аялж байжээ. Тэгвэл мөн тэр жил Европоос Хонконг руу хоёр сая, Япон руу хоёр сая, Хятад руу долоон сая, Өмнөд Солонгос руу хоёр сая жуулчин очиж байсан байна. Тэгэхээр энэ эргэлтийн дунд Улаанбаатар хот нэмэгдсэнээр манайд ирэх жуулчдын тоо багагүй хэмжээгээр нэмэгдэх тэр дундаа өвөл, хавар жуулчин авах боломж бүрдэнэ гэдгийг “Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөл хэлж байна.

“Туркиш Эйрлайнс” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир “Жуулчдын аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулаад, нислэгийг зардлыг огт нэмэхгүйгээр зохицуулалт хийсэн ч болно. Жуулчид өөрсдийнх нь зардал нэмэгдэхгүйгээр нэг хот илүү үзэх боломжтой болбол дуртайяа Улаанбаатарт ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар хот дахь “Үлэг гүрвэлийн музей”, “Түмэн их чуулга”, бөөгийн зан үйлийг үзэж сонирхож, Европын зах зээлээс харьцангүй хямд кашмерын бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болно. Энэ нь эргээд зөвхөн аялал жуулчлал бус бусад салбарт ч эдийн засгийн нөлөөгөө үзүүлэх юм. Хамгийн гол нь өвөл, хаврын улиралд Улаанбаатар хот жуулчинтай байх боломжтой.

Жишээ нь, Европоос Өмнөд Солонгос руу 15 хоног аялахаар явж буй жуулчин замдаа гурав хоногийг нь Улаанбаатар хотод саатаж болно шүү дээ” гэж байлаа. Үүнтэй холбоотой тооцоо, судалгаа хийснээ ч танилцуулжээ.

Мөн “Туркиш Эйрланс” компанийн зүгээс нислэгийн тоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Өнөөгийн долоо хоногт гурван удаагийн нислэгээр 800 суудлаар хязгаарлаж буй нь жуулчид нөхцөлийг хааж байна гэдгийг хэлж байв. “Туркиш Эйрлайнс” компанийн хувьд жилийн турш өдөр бүр нислэг, тэр дундаа зуны улиралд өдөрт 3-4 удаа нислэг хийх эрэлт, боломж бийг дуулгасан юм. Үүний тулд Монгол Улс агаарын тээврээ либералчлах хэрэгтэйг онцолжээ.

“Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир агаарын тээврийг либералчилснаар нисэхийн салбараа хөгжүүлсэн нэг жишээ бол “Туркиш Эйрлайнс” компанийн түүх гээд “Одоогоос 15-20 жилийн өмнө Туркиш Эйрлайнс мөн л бусад авиа компанид саад хийдэг, чөлөөт нислэгийг хориглохын төлөө байдаг байсан. Тухайн үед манай компани одоогийнхоосоо тав дахин бага онгоцтой, нислэгийн тасалбар маш үнэтэй, жилдээ 3-5 сая жуулчин хүлээж авдаг байлаа. ✅Хувьчлагдсаны дараагаас өөр авиа компаниуд манай зах зээлд орж ирсэн. Жуулчид нэмэгдэж, эдийн засаг ч тэлсэн. Зүйрлэвэл, нэг дэлгүүр байлаа гэхэд үйлчлүүлэгчид нь өмнөх хэвээрээ харин тойроод бусад дэлгүүрүүд ажиллах боломжтой болсон гэсэн үг. Товчхондоо, зах зээл томорсон. Нислэгийн зардал буурснаар жилдээ 60 сая жуулчин авдаг болсон. Өмнө нь ашиггүй ажилладаг компани байсан бол орлого олдог, дээгүүр эрэмблэгддэг томоохон компани болсон. ✅Хувьчлалын ачаар манай агаарын тээвэр томорсон юм. Энэ салбарын хүний хувьд хэлэхэд одоо хүмүүс далайг харах гэж биш нүүдлийн соёлыг харахыг хүсэж байгаа. Тиймээс хэрэв Монгол Улсын агаарын тээвэр чөлөөтэй болбол богино хугацаанд олон жуулчин авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарыг либералчлах нь манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх суурь нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Жуулчин ихээр ирж байж эдийн засаг тэлнэ.

Аялал жуулчлалын салбар, авиа компаниудын төлөөлөлтэй цувралаар уулзаж байхад энэ асуудал олон удаа хөндөгдөж байна. Та бүхэн ч гэсэн өөрсдөдөө байгаа судалгаа, тооцоогоо манай яаманд хүргүүлээрэй”  хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болд(202.179.15.71) 2022 оны 02 сарын 09

Үлгэрт итгээд л байгаа байхдаа. одоо Турк явахад 2 талдаа 4900,000төгрөг байна ш тээ. Анх юу юу гэж ярвж байсан билээ

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 02 сарын 09

turkuud hjn bish shuu.Turkuud bol balkanii hujaa l gesen ug.Harsan uzsen bolgonoo turk gej shaadag tuuhiin parazituud.Turk hasag 2 toi sujreed sain yumand hurehgui.Mongolchuudiig net- d hamgiin ih muuldag n turk hasag 2 baidag. tuu soyoliin hulgaichuud.

1  |  0
Top