Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, зөвлөх Н.Бямбагэрэл болон “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн дарга Т.Уламбаяр нар 17 дугаар хороонд байрлах “Зола-Брос” циркийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа.
Тус цирк нь 2015 онд үүсэн байгуулагдаж одоогоор 40 гаруй уран бүтээлчтэй, зорилтод бүлгийн 50 орчим хүүхдүүдэд циркийн урлагийн хичээл зааж байна. “Зола-Брос” циркийн сургалт нь акробат, шидэх банзны үзүүлбэрээр голчлон уран бүтээлээ туурвихаас гадна шидэлттэй акробат, хүч тамирын гайхамшиг, акробат икцентрик, дээсээр наадагч, перш, агаарын цагариг, агаарын даавуу, уран нугаралт, тэнцвэр зэрэг төрлөөр хүүхдүүд хичээллэдэг байна.
Тус циркийн дэргэдэх “Есөн Өрлөг” хамтлаг нь олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл цомыг хүртсэн байна.
Цирийн уран бүтээлчидтэй уулзах үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Чингэлтэй дүүрэгт циркийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь тун талархууштай хэрэг юм. Дүүргийн зүгээс циркийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )