АХБ-ны суурин төлөөлөгчтэй санал солилцлоо

2022 оны 02 сарын 10

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай (2022.02.08) цахим уулзалт хийлээ. Тус уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Томас Панелла,Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн байгаль орчны ерөнхий мэргэжилтэн Марк Безуйжен,Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Байгаль орчны ажилтан П.Онгонсар, Нийгмийн хамгааллын ажилтан Н.Эрдэнэсайхан нар оролцлоо.

БОАЖЯ, АХБ сүүлийн 10 жилийн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын чиглэлд идэвхитэй хамтран ажиллаж, 14 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр озоны давхаргыг хамгаалах, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлт, усны менежмент, аялал жуулчлал зэрэг чиглэлийн төслүүд хэрэгжиж байгаа юм.

Цахим уулзалтын эхэнд БОАЖЯ, АХБ-ны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлал-2” төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэхээр төлөвдөгдөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар мэдээлэл солилцов. Уг төслийн нэгдүгээр үе шат Хөвсгөл, Хэнтий аймагт амжилттай хэрэгжиж байна. Хоёрдугаар үе шатыг баруун аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2017-2020 онд хамтран хэрэгжүүлсэн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн төсөл орчны, ялангуяа хөрсний бохирдлыг багасгахад сайн нөлөө үзүүлсэн. Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хөтөлбөр, арга хэмжээг амжилттай гүйцэтгэх, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн тулд тогтвортой санхүүжилтийн асуудал чухал” гэдгийг онцлов.

Тиймээс “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход БОАЖЯ-наас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа “Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ” төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах талаар ажиллах нь зөв гэж үзэж буйгаа дуулгасан юм.

Түүнчлэн “Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Ойн салбарын засаглалыг сайжруулах төсөл амжилттай явж байгаа”-г хэлээд энэ төслөөр салбарын бодлого, эрх зүйн орчин, орон нутаг бүсчилсэн судалгааг гүйцэтгээд үргэлжлүүлэн хөнгөлөлттэй зээлээр хүний нөөц, ойн сан, тод тариалалт, техникийн шинэчлэл, үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хүссэн юм.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран хийсэн танилцуулгадаа “Эдийн засгийн ач холбогдолтой баруун аймгуудад түшиглэн “Тогтвортой аялал жуулчлал-2” төслийг АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.  Төслийн хоёрдугаар үе шат, “Тогтвортой аялал жуулчлал-2” хэрэгжих хугацаанд аялал жуулчлалын суурь дэд бүтцийг хөгжүүлэх нь нэн чухал. Иймд тус төслийн хүрээнд аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөж, эхний байдлаар зураг төсөл бэлэн болоод байгаа” гэв.  Мөн техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дижитал музейн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Азийн хөгжлийн банкны танилцуулгад дурдагдлаа.

Цахим уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал ч тухайн орон нутгийн иргэд, газар зүйн онцлогт нийцүүлэн төлөвлөлтөө шийдэхийг хүсэж байна.

Дотоод, гадаадын аялал жуулчлалын чухал чиглэл болоод буй баруун бүсийг КОВИД-19 цар тахлын дараагийн үед бэлтгэхэд анхаарч ажиллана” гээд, үргэлжлүүлэн БОАЖЯ, Соёлын яам, Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд уг төсөлтэй холбоотой асуудлыг танилцуулж, ойрын хугацаанд хариу хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top