ОЛОН ӨНГӨ: Гол, нуурын мөс тоглоомын талбай биш

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Шинэ он гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрсөн гурван удаагийн тохиолдол гарчээ. Харин өнгөрсөн онд нийт 13 удаагийн дуудлага Онцгой байдлын газарт ирснээс гурван хүний алтан амь үрэгдсэн гэсэн харамсалтай мэдээ байна. Энэ нь өнөөх л манайхны хайнга, хэнэггүй байдал, зам товчлох гэсэн залхуу зангаас үүдэлтэй. Дээрээс нь сүүлийн жилүүдэд гол, нуурын мөс өмнөх жилүүдээ бодоход нимгэн болж байгаа нь ч нөлөөлж буй биз.

Одоогийн байдлаар л гэхэд манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулжээ.

Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан завсардаад байсан “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 03-04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт зохион байгуулагдахаар товлогдсон. Хөвсгөл нуурыг өвлийн цагт зорих хүмүүсийг цуглуулдаг ганц гэж болохуйц арга хэмжээ болохоор хүмүүс ч ихээр очдог. Хоёр жил завсарласан болохоор энэ жил өмнөхөөсөө илүү их хүн очиж ч мэднэ.

Мэдээж мөсний баярыг Хатгал тосгоныхоо ойролцоо нуурын мөсний зузаан хөлдсөн хэсгийг сонгон авч хийдэг. Хүмүүсийн аюулгүй байдалд ч орон нутаг, нуур хамгаалахаас ихээхэн анхаарал хандуулж хийдэг юм. Харамсалтай нь газар мэдэхгүй хүмүүс цаашаа дур мэдэн далайн мөсөөр зугаалж, нуурын өрх, хар хил зэрэгт машинтай осолдох эрсдэл ихээр гаргадаг. Тиймээс байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх “Далайг тоглоомын талбай гэж бүү бод” хэмээн анхааруулсан байна билээ. Үнэхээр гол, нуурын мөсийг тоглоомын газар, тэшүүрийн талбай гэж боддог, машинаараа дрифт хийдэг, хандалт авахын тулд элдэв бичлэг хийх зэргээр амь насаа эрсдэлд оруулж болохгүйг мөн анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top