Аялал жуулчлалын байгууллагуудын орлого 84 хүртэлх хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө” төслийн талаар хэлэлцжээ. Төслийн хүрээнд гурван чиглэлээр томоохон судалгаа хийсэн байна. 

Үүний нэг нь цар тахлын нөлөөгөөр хямралд өртөөд буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудын 200 гаруй аж ахуй нэгжид хямрал хэрхэн туссан талаар түүвэр судалгаа аж. 

Урьдчилсан судалгаагаар өнгөрсөн онд аялал жуулчлалтай холбоотой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн орлого 84 хүртэлх хувиар буурсан гэх дүгнэлт гарчээ.

Тодруулбал, Жуулчид хүлээж авдаг тур операторуудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь хумигдсан байна. Зочид буудлуудын орлого 63 хувь буурч, хүний нөөц нь 25 хувь хумигдсан. Харин жуулчны баазын орлого 84 хувь буурч, ажлын байр 65 хувь хумигдсан. Мөн ресторануудын орлого, хүний нөөц нь 50:50 хувь хумигдсан гэх дүгнэлт гарчээ. 

Иймээс дээрх болон бусад судалгаанд үндэслэж, дараах найман стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулсан байна.

1. Эрүүл, аюулгүй үйлчилгээ - Шинэ хэвийн байдалд нийцсэн эрүүл, аюулгүй, жуулчны итгэл төрүүлэхүйц үйлчилгээг хангах,

2. Тээврийн салбар - Зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөлийг бүрдүүлэх,

3. Хүний нөөцийн бодлого - Салбарын хүний нөөцийг дахин бүрдүүлэх, чадавхижуулах,

4. Хувийн хэвшлийн дэмжлэг - Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,

5. Үйлчилгээний дэд бүтэц - Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах,

6. Зах зээл, маркетинг - Гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэгдүүлэх,

7. Хууль, эрх зүйн шинэчлэл - Аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчинг сайжруулах Аялал жуулчлалын тогтвортой хөгжил,

8. Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн чиглэл багтаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top