Хөөрөг өвөртөлж яваа хүнд сайхан энерги хуримтлагддаг

2022 оны 02 сарын 11

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт  НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Б.Азбаатарын бүтээлээс толилуулж байна. Тэрбээр Онцгой байдлын албанд 2 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эхнэр, хүүгийн хамт амьдардаг юм.

 -Машин засварын газар ажиллаж байхдаа хөөрөг хийдэг хүнтэй танилцаж, хийх арга барилыг нь заалгаснаас хойш сонирхлоо хөгжүүлэх болжээ. Түүний сонирхлыг хөөрөг хийх гэхээс илүүтэй чулууны өөрийн гэсэн шинж чанар, насжилт, тогтоц, агуулга анх татсан байна.

Тухайлбал, чүнчигноров нь эр хүний таван цулд сайн бол усан мана нь халуурч байгаа хүний  халууныг авдаг. Хаш чулуун хөөрөг хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй болохоос гадна  гэмтсэн яс бороолоход нөлөөлдөг, догшин авирыг номхотгох чадалтай, айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэддэг. Хөөрөг өвөртөлж яваа хүнд сайхан энерги хуримтлагддаг гэх эртний яриа байдаг хэмээн тэрбээр хуучилсан.

-2018 оноос хойш өнөөг хүртэл 100 гаруй хөөрөг урлажээ. Мөн хүмүүсийн захиалгаар хөөрөгний засвар үйлчилгээ болон  чулуун шатар, тамганы хайрцаг зэргийг хийдэг.  Хөөргийг урлахдаа хаш, чүнчигноров, гартаам, болор гэх мэт 10 гаруй төрлийн чулууг ашигладаг байна. Чулуу болгон дотроо олон янз. Мана гэхэд халтар мана, замагт мана, үзэм мана, усан мана гэх мэт 100 гаруй төрөлтэй байдаг аж.

-Ажлынхаа газрын ахын захиалгаар анхны хөөргөө замагт мана чулууг ашиглан хийжээ. Түүний хамгийн содон бүтээл нь 2019 онд улаан шүрээр хийсэн хөөрөг. Улаан шүр нь зөвхөн Монгол улсад, тэр дундаа Увс аймагт байдаг өвөрмөц чулуу. Тэр чулуугаар анх хөөрөг хийх захиалга авахдаа өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Санаад оромгүй сайхан бүтээл болсон. Хийсэн хөөрөг болгон өөр, өөрийн гэсэн сайхан дурсамжийг үлдээдэг гэж онцлон тайлбарлалаа.

-Найзынхаа аавд хийж өгсөн халтар манан хөөрөг нь түүний хайртай бүтээлүүдийн нэг. Халтар манан чулуу нь бусад манан чулуунаас насжилт өндөр, ховор, тогтоц нь хүртэл өвөрмөц. Чулуугаа хамгийн холоос буюу Говь-Алтай аймгийг зорин, захаас нь худалдан авч байж. Нэг хөөрөг хийхэд дунджаар 7-10 хоногийг шаарддаг бол энэ хөөргөө 15  хоног урлажээ.

-Өөрийн сонирхлоор захиалгын дагуу хөөрөг хийнэ. Захиалсан хүмүүс нь чулуугаа өөрсдөө авчирдаг. Хөөрөг хийхэд  тогтсон загвар, хэмжээ гэж байхгүй. Тухайн захиалж байгаа хүний сонирхлоор урлана. Үнийн хувьд тухайн чулууны шинж чанар, олдоц, хөөрөгний хэмжээ зэргээс шалтгаан өөр, өөр байдаг.

– Хөөрөг нь ёроол, мөр, эх бие, толгой, нуух, хавчуурга, халбага гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд хөөргийг торгон дээр зүү ороох, загасан нуруу хатгамлаар урласан дайлан, хавтага уутанд хийж хадгалдаг.

-Хөөргийг хийхэд хэвлэгч, хөөрөгний дотор ухдаг хошууг ашиглана. Эхлээд чулууныхаа цавийг гарган шоо хэлбэрт оруулж зүснэ, хэвлэгч машин дээр хэвлээд хөөрөгний дотроо ухаж сэвгүй болгоно. Дараа нь гадна, дотно өнгөлгөө хийнэ.  Хамгийн сүүлд толгойг нь хийж халба, нуухыг нь хийдэг байна.

-Хөөрөг хийхэд нүдний хараа, ур ухаан, тэсвэр тэвчээрийг шаарддаг нарийн арга ажиллагаатай аж. Албаныхаа онцлогийг харуулсан хөөрөг урлавал гэсэн асуултад тэрбээр ховор чамин чулуунуудын нэг цагаан шүрэн чулуугаар албаны лого бүхий сийлбэртэй хөөрөг хийж болно гэлээ.

 

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top