ОЛОН ӨНГӨ: Өөрийгөө тоохоос илүү итгээд нэг үзээрэй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Орчин үед өөртөө итгэлтэй байх чанарыг давуу тал хэмээх болсон. Тийм ч байж болох. Гэхдээ бидний дунд өөртөө итгэлтэй байхыг өөрийгөө  тоох үзэлтэй андуураад байх шиг. Юм л бол “Би, би” гэж цээжээ дэлдэх. Алив ажлыг цаана нь гартал хийх, эрхэлсэн ажилдаа эзэн нь болохын төлөө хичээхээс илүүтэй  ашиг хонжоо, амин хувийн аар саархан асуудлаа урдаа тавих.

Тулгамдсан асуудлын шалтгааныг өөрөөсөө огт хайхгүйгээр болж өгвөл бусдад бурууг чихэх хандлагатай. Ийм байхад яаж тухайн хүнээс бүтээмж гарах вэ дээ. Ур чадвараа нэмэгдүүлчихээд урд буй үүргээ ягштал биелүүлчихбэл хүсээд байгаа амжилт чинь аяар ороод л ирнэ. Түүнээс бус юу ч сурч мэдээгүй, хийж сураагүй байж, “Би”-гээр өвчлөөд явчихбал ямар хэрэг байх билээ. Анзаараад байхад “Би”-гээр өвчлүүлдэг хөндлөнгийн шалтгаан бас байна.

Эргэн тойрныхон нь “Чи тийм сүрхий, ийм лаг. Тийм байж ийм ажил төрлөөр яадаг юм” гэж ирээд л сумлах. Харамсалтай нь тэр хөөргөлтөд нь өөртөө анализ хийж чадалгүй сумлагдаад давхичих тохиолдол олон харагдана. Ер нь тэгээд ямар ч хүн бусдад, байгаа хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг том зүйл. Өөрөөр хэлбэл, бусдадаа хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа “Би” гэдэг үзлээ жаахан цухуйлгахгүй бол хэн ч болоогүй байж бүлт, бүлт үсрээд явах инээдэм шүү. Иймээс ч монголчууд “Бяруу болоогүй байж бухын баасаар баалаа” гэдэг биз ээ.

С.ӨЛЗИЙБАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top