Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДРӨӨС эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр (2022.02.14) эхэлж байна.

Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ 2 УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
 

  • 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг 2 удаа зохион байгуулна
     
  • Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо
     
  • Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia аппликейшнээс хэвлэн авна
     
  • 12 дугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана
     
  • Шалгуулагчид “EEC” аппликейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой боллоо
     
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа.


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
 

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй
     
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим зөвлөх help.eec.mn хуудсаас авах боломжтой.


МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ
 

  • Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна
     
  • Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатарын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д ЭЕШ-д бүртгүүлэхдээ монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ.
     
  • Монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй байна
     
  • Монгол хэл бичгийн шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана
     
  • Монгол хэл бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк хуудас, чатбот үйлчилгээ болон 75779498, 70119498 лавлах утаснаас авах боломжтой.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top