Антибиотик, дуслын шингэн ТАСАЛДСАН ХЭВЭЭР БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Өнгөрсөн оны аравдугаар сард Хятад улс хилээ хааснаас болж, улс даяар дуслын шингэн, тариурын хомсдолд орсон. Өвдөхийн эрхэнд эм тариагаа авах гээд хайгаад олохгүй аргаа барсан иргэд, сүүлийн нөөцөө шавхаад түгээж байгаа гэх эм ханган нийлүүлэх төвүүдийн талаар сурвалжилж байсан билээ. Түүнээс хойш хилийн цаана гацсан ачаатай чингэлгүүдийг үе шаттайгаар оруулж ирж байгаа ч эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдолтой хэвээр байна. 

Халдварт өвчин тархсан, дээр нь нэмээд ханиад томууны улирлын оргил үед эмийн сангуудын ачаалал ямар байгаа талаар эмийн сан болон эм ханган нийлүүлэх төвүүдээс сурвалжиллаа. 

Бүх төрлийн дуслын шингэн, уян зүү, антибиотик гээд эмчилгээнд түлхүү хэрэглэдэг бүтээгдэхүүнээс нэг нь ч алга

"Өргөөфарм импекс" эмийн санд эм авах гэсэн иргэд кассын хэсгээс үүд хүртэл дугаарлан зогсжээ. Эмийн сангуудад ажиглагдаж байгаа нийтлэг төрх энд ч байлаа. Гартаа барьсан эмийн жор дээрх зүйлээ байгаа эсэхийг нь ч мэдэхгүй зогсох.

Эмийн сангийн хажуугийн хаалганд нэгэн эмэгтэйн утсаар ярих нь сонсогдлоо. "Байхгүй, байхгүй... Дууссан" гээд л утсаа таслав.  Эм ханган нийлүүлэх төвийн ажилчин захиалга хүлээн авч байгаа нь энэ аж.   

Түүнтэй хэсэгхэн ярилцахад "Натри хлорид, рингер гэх мэт дуслын шингэн тасалдсан хэвээрээ байгаа. Гурван сарын хугацаа өнгөрч байна. Бага багаар ирээд эмнэлгүүдээр тараагаад дуусаад байх шиг байна. 

Оны өмнө тариур тасалдчихсан. Одоо "Витамин C"-гийн уусмал ч ховордсон. Зун захиалсан бараагаа сая аравдугаар сард авсан. Дуслын систем захиалсан л гэсэн. Ирээгүй байна. Өргөн хэрэглээний эм, тариа байхгүй байгаа болохоор бага зэргийн доголдолтой л байгаа. Манайхаар үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд антибиотик болон вирусийн эсрэг эм их хайж байна. Бид тасарсан эмийн жагсаалт гаргаад ижил найрлагатай эмээр орлуулахыг хичээж байна" гэлээ. 

Эм зүйч нарын дунд тархсан дам яриагаар дотооддоо дуслын шингэн үйлдвэрлэдэг компаниуд түүхий эдийн дутагдлаас болоод үйл ажиллагаа нь зогссон хэвээр байгаа аж. 

Архаг суурь өвчтэй иргэдийн байнгын хэрэглэдэг эм тасалджээ

Эмийн сангуудаар орж явах зуур суурь өвчнөө анагаахын тулд хэрэглэдэг, байнга уудаг эм олдохгүй байна гэх хэд хэдэн иргэдтэй таарсан юм.

40 гаруй насны эмэгтэй эмийн санчид жор өгөөд "Энэ эмүүдээс байгааг нь авъя" гэж хэлэх сонсогдов. Тэрбээр аавынхаа эмийг цуглуулж яваа нь энэ аж. Түүний аав инсулинтай болохоор сахарын тариа хэрэглэдэг. Сарын өмнө хайж хайж ганцыг авсан ч хэрэглээд дуусжээ. Дахиад авах гэсэн боловч хайгаад олохгүй байгаа гэнэ.  

Эмийн сангуудаар орохдоо хэд хэдэн удаа зөрсөн ээж охин хоёроос учрыг асуув. Тэд бас л хайсан зүйлээ олохгүй яваа аж. Хөл нь өвддөг болохоор "Пенициллин Ж"  тариа хэрэглэдэг аж. Гэтэл тасарчихсан. Ээж охин хоёрын эрэл хаа хүрээд зогсохыг мэдэхгүй ч тэд замдаа таарсан эмийн сан бүрээр орсоор л явна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top