Аав, ээж надад биш ДҮҮД хайртай. Энэ мэдрэмж ихэнхдээ ойрхон дүүтэй болсон ах, эгч нарт тохиолддог. Юу ч хийж байсан өөрийг нь анхаарч өхөөрдөн энхрийлдэг аав ээж гэнэт л өөр нэгнийг илүү анхаараад эхлэхийг хүүхэд маш сайн анзаарч ГОЛОГДСОН мэт санагддаг байна. Үүнийгээ илэрхийлж таны анхаарлыг татах гэж өмнөхөөсөө илүү уцаартай, уйланхай, эелдэг бус, зөрүүд зан гаргадаг.
Тиймээс та,
- Хэвлий томроод мэдэгдэхүйц болоод ирэх үед хүүхдэдээ дүүтэй болох мэдээг дуулгах хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ хэдэн настайгаас нь хамаарч хэрхэн хэлэхээ шийдээрэй. Гол нь хүүхэд сэтгэлзүйн хувьд гэрт нь шинэ гишүүн нэмэгдэх нь гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Жишээлбэл, гэдсэн дэх хүүхдээ хөдлөх үеэр ЭХО-д харуулахдаа ах, эгчид нь хэрхэн хөдөлж буйг нь харуулж, зүрхний цохилтыг нь сонсгоорой. Хамтдаа, хүүхэд гэдсэнд хэрхэн бүрэлдэж том болж буй, төрөөд хэрхэн хөлд орж байгаа гэх мэт богино хэмжээний бичлэг үзэж бас болно.
- Өөрийнх нь нялх үеийн зургийг үзүүлж жоохон байхдаа юунд дуртай, хоолоо хэрхэн иддэг байсан, анх юу гэж хэлд орсон талаар ярьж өгч, хүүхдийнхээ сонирхож асуусан асуултуудад нь уйгагүй хариулаарай.
- Дүүд нь хувцас, тоглоом гэх мэтийг авахдаа ах, эгчийнх нь саналыг сонсож, сонголтыг тэднээр хийлгэж үзээрэй. Дүүгээ үнсэж энхрийлэх оролдлогуудыг нь дандаа дэмжиж, “боль дүүгээ сэрээнэ”, “хүүхэд уйлуулчихлаа”, “дүүгээ саатуулж бай”, “байз дүүг нь”, “ах нь юм чинь чи дараа нь бол” гэх мэт өөрийг нь хоёрт тавьсан байр сууриас аль болох татгалзаж дүүг нь үнссэн бол адилхан л томыгоо үнсэж байх.
- Шинэ гишүүнтэй болсон үед ээж гарцаагүй томоосоо хөндийрч багадаа анхаарах шаардлагатай болдог. Энэ үед аавын оролцоо маш чухал. Аав та томыгоо илүү анзаарч, өмнөхөөсөө илүү цаг гаргаж хамт байж, тоглож ойр ойрхон тэвэрч байх хэрэгтэй. Тиймээс ч хуучны хөгшчүүлд миний өмчний хүүхэд гэх мэт яриа байдаг.
- Ойр ойрхон ТЭВЭРЧ байх, хайртай гэдгээ хэлж байх маш чухал.
Эх сурвалж: LittleOwl Г.Төмөрзаяа
Сэтгэгдэл ( 0 )