А.Ууганбаяр: “Гантиг Вилла” төсөл Б.Ундармаатай ямар ч хамааралгүй

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж, асуудал дагуулаад  “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой асуудлаар “Гантиг Вилла” хотхоныг барьж буй компаниас өнөөдөр /2022.02.17/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Эй Би Трейд” группийн захирал А.Ууганбаяр “Гантиг Вилла төсөл нь зайсан хороололд баригдаж байгаа. Төслийн  есөн блок барилгыг АТГ-аас  битүүмжилсэн тухай саяхан нийтэлсэн. Манай компани “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. Уг төслийг “Бишрэлт” группийн охин компани 2012 онд үүсгэн байгуулсан. 2012-2014 онд угсралтын ажил нь явсаар 2016 оны үед гадна болоод дотор сангийн ажил нь хийгдсэн. “Монгол Мах Экспо” нь “Бишрэлт” компаний охин компани байсан. Хүмүүс тухайн үеийн “Бишрэлт”-ийн охин компани байсан учир УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай хамааралтай гэж ойлгоод байна. 2019 оноос хойш “Гантиг Вилла” төсөл, “Монгол Мах Экспо” компанийг миний бие 100 хувь худалдаж авсан. Тэрнээс хойш Б.Ундармаатай холбогдох ямар ч асуудал байхгүй” гэв.

Түүнчлэн “Манайх үйл ажиллагаагаа бүрэн гүйцэт өөрсдөө “Хөгжлийн банк”-тай зээлийн төлбөрийн асуудлыг яриад “Гантиг Вилла” төслийг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлээд явж байна. 2017 онд зээл авахдаа  өөрсдийн  хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг байх өөрийн  1147 ам.мерт махны үйлдвэр, 11000 ам.метр талбайтай газар, дотор тоног төхөөрөмжийг барьцаалж зээл авсан. Гэсэн ч барьцаа хөрөнгө дутаж өөрийн охин компани болох “Бишрэлт” косметиксийн нэр дээр байгаа обьект болох “Гантиг Вилла”-г барьцаалж зээл авсан. Одоохондоо хил хаалттай байгаа учраас дотоодын нөөцийн махыг бэлтгэж ажиллаж байна. Хил нээгдвэл гадагшаа экспортлоод зээлээ эргэн төлөх бүрэн боломжтой төсөл. Одоогоор эргэн төлөлтөд найм орчим тэрбум төгрөгийг төлөөд байна” гэж ярилаа.

Бэлтгэсэн: Н.Еркегүль 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top