Онцгой байдлын байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян талархал илэрхийллээ.
Талархалд “Дэлхий нийт болон Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүнд сорилтыг учруулж байгаа коронавирусын цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газраас ТАЛАРХАЛ илэрхийлснийг нийт алба хаагч, ажилтнууд, бие бүрэлдэхүүн Та бүхэнд уламжилж байна.
Улс эх орны аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос авран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хүн амын дунд тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хүн амын дунд халдвар хамгааллын дэглэм сахиулахад тэргүүн шугаманд хүчин зүтгэж буй Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагч Та бүхэндээ хувиасаа болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид ч цар тахлын халдвартай тэмцэх, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах, ковидтой тэмцэх хариу арга хэмжээг зохион байгуулах, цар тахлын халдварын тархалтыг бүрэн хумих, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа сэргээх үйлсэд идэвхи зүтгэлтэй, манлайлан оролцож ажиллах шаардлага Та бидэнд зүй ёсоор тулгарч байна.
Алба хаагч та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Онцгой байдлын байгууллагын тангараг өргөсөн алба хаагчдын минь үйлс бүхэн өөдрөг гэгээн, өрнүүн амжилт дүүрэн байж, золбоо хийморь мөнхөд мандан бадрах болтугай” гэлээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
\
Сэтгэгдэл ( 0 )