Стефан Бансел: Цар тахал эцсийн шатандаа ойртсон

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

"Модерна" компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел цар  тахал  эцсийн үе шатандаа ойртож байж магадгүй талаар ярьжээ.

Тэрбээр  CNBC-ийн "Squawk Box Asia"-д өгсөн ярилцлагадаа "Омикрон хувьсан өөрчлөгдөж, SarsCov-2 вирус хөгжихийн хэрээр  хоруу чанар нь буурах магадлал 80 хувь байна. Омикрон тийм ч их хор хөнөөлтэй биш байсан нь бидний хувьд сайн хэрэг.  Гэхдээ  өдөр бүр олон мянган хүн Омикроноос болж үхсээр байна” гэжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн долоо хоногт дэлхий даяар 15.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, мөн хугацаанд 73.162 хүн нас баржээ.

Омикрон  хувилбар нь илүү халдварлах чадвартай ч Дельтатай харьцуулахад хоруу чанар бага байгаа нь судалгаагаар батлагдсан билээ. Гэвч ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс цар  тахлын төгсгөл ойртож байна гэж таамаглахад эрт байна гэж анхааруулсан.

Тэрбээр “Үнэн хэрэгтээ цар тахлыг дуусах дөхөж байна гэж таамаглах эрт байна. Омикрон  дэлхий даяар хурдацтайгаар тархсаар байгаагаас гадна  шинэ хувилбарууд бүртгэгдэх магадлал өндөр хэвээр байна” хэмээжээ.

Өнгөрсөн сард "Модерна" Омикрон хувилбарт зориулсан нэмэлт вакцины клиник туршилтаа эхлүүлснээ зарласан. Тус компаниас мэдээлснээр, туршилтын эхний оролцогч Омикроны эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байгаа аж. Үүнээс гадна Стефан Бансел "Коронавирус намжихгүй  байгаа нь бидний хэлж байсанчлан энэ вирус нь ханиад шиг хүн төрөлхтөнтэй үүрд үлдэх бөгөөд бид түүнтэй хамт амьдрах ёстой" гэжээ. Тэрбээр мөн "Модерна" компани Малайз, Тайвань, Сингапур, Хонконгод шинэ охин компаниудаа нээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-ын биотехнологийн фирмийн мэдэгдэлд "Модерна" "КОВИД-19-ийн  болон мРНХ вакцин, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх ажлыг үргэлжлүүлэн өргөжүүлж байгаа" гэжээ. "Модерна" компанийн гүйцэтгэх захиралаас гадна Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хот дахь Стив Бикогийн нэрэмжит эмнэлгийн эмч нар Омикрон хувилбараар үүсгэгдсэн КОВИД-19 өвчний онцлог нь дэлхий дахин цар тахлаас гарах замдаа байгааг илтгэж байж магадгүй тухай дурдсан билээ.

“Хэрэв Өмнөд Африк дахь Омикрон хувилбарын тархалтын загвар бусад оронд давтагдвал КОВИД-19-ийн уг шинэ хувилбар нь цар тахал дуусаж байгаагийн дохио байж магадгүй  гэж эмч нарын тайланд дурдсан байна.

Омикрон хувилбар тус улсад урьд өмнө байгаагүйгээр хурдтай тархаж, дөрвөн долоо хоногийн дотор оргилдоо хүрсэн боловч КОВИД-19-ийн бусад хувилбартай харьцуулахад илүү хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байсан бөгөөд үүний дараа халдварын тохиолдлын тоо хурдацтай буурч эхэлснийг эмч нар тайландаа тодотгосон байна. Үүнээс гадна Японы Нийгатагийн их сургуулийн профессор Масахико Окада энэ талаар “КОВИД-19 эндемик өвчин болж тогтох эсвэл устаж үгүй болох бүрэн боломжтой. 100 өмнө дэлхий нийтийг нөмөрсөн Испани ханиадны тахал гурван жилийн дараа намжиж байсан.

Тиймээс амны хаалтаа зүүх, зай барих зэрэг халдвараас сэргийлэх энгийн дэглэмийг сайтар хэрэгжүүлбэл 2023 оны эхэн үе гэхэд шинээр илрэх тохиолдлын тоо эрс буурч, цар тахал намжих магадлалтай” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top