30-45 насныхныг элэг, хөх, хавдрын шинжилгээнд хамруулна

2022 оны 02 сарын 18

Монгол Улсын 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар ирэх тавдугаар сарын 1-нээс улс орон даяар иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулахаар шийдвэрлээд байна. 

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд нярайгаас өтөл насны бүх хүнийг хамруулахаар зорьж байгаа. 

Тухайлбал,
 

  • 1-5 насны хүүхдүүдийг нүд, чих, хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулна.
     
  • 16-17 насанд зүрхний эмгэг, сүрьеэ, чих хамар хоолой, шүдний үзлэг хийнэ.
     
  • 18-30 насны залуусын дунд бэлгийн замаар дамжих халдвар болон элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээ, шээсний замын эмгэг, зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөлийн үзлэгт хамруулна. 
     
  • 30-45 насны иргэдийг улаан хоолой, элэг, хөх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг шинжилгээнд хамруулна.
     
  • 45-60 насанд бүдүүн шулуун гэдэс, түрүү булчирхайн өвчлөл зонхилон тохиолдож байгаа тул энэ төрлийн шинжилгээг, түүнээс дээш насныханд хавдар болон зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын өвчин, чихрийн шижин илрүүлэх үзлэг, шинжилгээ хийхээр тус тус төлөвлөжээ. 

Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар “Манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Цаашид гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой болох юм. Манай улсын иргэдийн дундаж наслалтын хувьд эмэгтэй 70.8 байдаг бол эрэгтэйчүүдийн дундаж нас 60.6 байдаг. 2024 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж таван жил болгохоор Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг” гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж буй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top