Цэцэрлэгийн танхимын сургалт энэ сарын 14-нөөс эхэлсэн. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 оныхон, ахлах бүлэгт 2017 оныхон, дунд бүлэгт 2018 оныхон тус тус хамрагдаж байгаа. Тэгвэл бага бүлэгт 2019 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд хамрагдана. Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг энэ сарын 18-24-нд бүртгэж, элсүүлэх ажлыг 25-ны 09.00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулахаар болсон байна. Цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар зэхэж буй эцэг эхчүүдэд хариулт болгож өдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГА БҮЛЭГТ 10 МЯНГАН ХҮҮХЭД ЭЛСҮҮЛНЭ
Энэ хичээлийн жилээр цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулж эхэлсэн билээ. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийсэн бол Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт авсан юм.
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 1453 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 191 мянга болж өмнөх оныхоос 56 мянгаар цөөрсөн нь цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, гурван настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэн зайны хэлбэрээр дэмжин ажилласантай холбоотой.
2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг "parent.edu.mn" системээр өнөөдрөөс эхлэн бүртгэж, 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Чингэлтэй дүүргийн IV цэцэрлэгт 280 хүүхэд хамрагджээ. Нэг ангид 35 хүүхдийн дүүргэлттэй ажиллаж байгаа ч 25-27 хүүхэд цэцэрлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа аж. Тус цэцэрлэгийн бага бүлэгт тойргийн 60 шахам хүүхэд бүртгүүлсэн бөгөөд хоёр настнуудыг хоёр ангид 25-30-аар нь хувааж авах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Тэгэхээр тойргийнхоо хүсэлт өгсөн бүх хүүхдийг бүрэн хамруулах бололцоотой байгаа талаар эрхлэгч нь хэлж байлаа. Мөн зэргэлдээх 74 дүгээр цэцэрлэгт 270 гаруй хүүхэд хамрагджээ. Харин шинээр цэцэрлэгт орохоор 60-аад хүүхэд бүртгүүлсэн бөгөөд нэг ангид 25-30 хүүхэд хүлээж авах боломжтой гэж байлаа.
Чингэлтэй дүүргийн IV цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяа “Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч ирнэ. Тухайлбал манай цэцэрлэг Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг болохоор тус дүүргийн Эрүүл мэндийн төв нэгдсэн байдлаар шинжилгээ авч, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажилласан” гэлээ.
Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт элсэх насны 35 мянган хүүхэд бий. Тэднээс санамсаргүй түүврийн аргаар 10 мянга нь цэцэрлэгт явах эрхтэй болно. Гэтэл үлдсэн хүүхэд нь хэрхэх талаар эцэг, эхчүүд санаа зовж буй. Тусгай хэрэгцээт цэцэрлэгээс гадна, 24 цагийн цэцэрлэг гэж бий. Дээрх цэцэрлэгүүд санамсаргүй түүврийн сонгон шалгаруулалтад хамаарахгүй гэдгийг албаны хүн онцолж байлаа. Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдэд хувийн цэцэрлэгт явах сонголт буй.
Гэхдээ хувийн цэцэрлэгүүдийн олонх нь сарын 250-500 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол өндөр зэрэглэлийн хотхоныг түшиглэсэн цэцэрлэгийн сарын төлбөр 650 мянгаас нэг сая төгрөгийн ханштай байна гэж байлаа. Өнгөрсөн жил төрийн өмчит цэцэрлэгт 5000 орчим хүүхэд хамрагдсан бол төрийн бус өмчит цэцэрлэгт мөн тооны хүүхэд хамрагдаж байгаа ажээ.
ХУВИЛБАР СУРГАЛТЫГ ЗАХЫН ХОРООЛЛЫН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЯВУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Төрийн өмчийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа учраас нээлттэй элсэлт зохион байгуулж буй юм. Өөрөөр хэлбэл амьтны алаг үрсийг алагчилгүй аль азтай нь л сонгогдоно гэсэн үг. Энэ тал дээр эцэг, эхчүүд зарим нь эргэлзээтэй байдлаар ханддаг бол зарим нь шударга зүйл боллоо гэж үздэгээ ч илэрхийлж байв. Цахим бүртгэл, элсэлтийг 2017 оноос хойш БСШУ-ны яамны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвтэй хамтарч зохион байгуулж иржээ. Иргэдийн хардалт, гомдол саналыг эцэслэхийн тулд энэ жил ч дээрх аргаар цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулах аж.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн, хоёр настай хүүхдийн ээж О.Хандаа “Манай хороонд цэцэрлэг байдаггүй. 11 дүгээр хорооны 75 дугаар цэцэрлэгт хүүхдээ явуулах хүсэлт өгсөн. Би ажилд орох шаардлагатай байгаа учраас хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүсэж байна. Өмнө нь том охиноо цэцэрлэгт оруулах гэж цэцэрлэгийн гадаа нь хонон өнжин дугаарлаж байгаад оруулдаг байсан бол одоо цахим элсэлт явуулдаг болсон байна. Хүүгийнхээ азанд л найдаж сууна даа” гэсэн юм.
Мөн тэрбээр өөрийн харьяа хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хотхон нэмэгдээд байгаа хэрнээ цэцэрлэг огт баригддаггүй талаар шүүмжилж байв. Жилээс жилд цэцэрлэгийн барилга нэмэгдэж байгаа ч хүн амын өсөлтийн тоонд гүйцэгдэж буй нь үнэн. Дүүрэг бүрд цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувьтай байгаа судалгаа бий. Төрийн өмчит цэцэрлэгүүд ачаалал өндөртэй ажиллаж ирсэн. Цар тахлын үед хүүхэд нь өвчтэй, эсвэл эцэг эхчүүд нь цар тахлын үед хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй гэсэн шалтгаанаар цэцэрлэгийн ачаалал эрс багассан аж. Зүй нь бол нэг ангид 20-25 хүүхдийн нормтой, нэг багш 10-12 хүүхэдтэй ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ тоо хоёр дахин их явсаар иржээ.
Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын Цэцэрлэгийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа “Нийслэлийн боловсролын газар бол хэрэгжүүлэгч газар. Бид хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт нь бүрэн хамруулахыг хичээж ажиллаж байна. Иймд явуулын болон нүүдлийн сургалт гээд хувилбар сургалтыг эхлүүлээд явж байгаа. Явуулын сургалт нь гэр бүлд нь түшиглэж явдаг бол нүүдлийн сургалт цэцэрлэг түшиглэж гэр барьж өргөтгөл хийж сургалт явуулдаг юм.
Нүүдлийн сургалт нь хөдөө орон нутагт илүү тохиромжтой. Учир нь хот суурин газарт цэцэрлэгийн хашааны зай талбай бага байдаг учраас боломж бололцоо муу байдаг. Нүүдлийн сургалт буюу гэр сургалтад ариун цэвэр, цэвэр усны байгууламжийн асуудал яригддаг. НҮБ-ийн Хүүхдийн сангаас энэ асуудлыг шийдэж өгч байгаа. Явуулын багш нарыг ажиллуулахад бэлтгэгдсэн багш, хүний нөөцийн асуудал маш чухал байдаг” гэв.
Нийслэлийн боловсролын газраас алслагдсан дүүргүүд болон захын хороололд явуулын багш болон нүүдлийн сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, Багахангай дүүрэг, Партизаны сангийн аж ахуй, Шижирийн бригад зэрэг газруудад хүрч явуулын багш нар ажиллаж байгаа юм байна. Сонгинохайрхан дүүргийн 84 дүгээр цэцэрлэгт хувилбар сургалтыг амжилттай нэвтрүүлж байгаа аж.
Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагын дэргэд цэцэрлэг нээж, байр түрээсэлж ажиллаж байгаа талаараа ч албаныхан хэлж байлаа. Сугалаанд сонгогдож чадаагүй хүүхдүүдэд энэ мэтчилэн цэцэрлэгт хамрагдах хувилбарууд байгаа гэдгийг онцолж байсан юм. Гэвч эцэг, эхчүүд хүүхдүүдээ тойргийнхоо цэцэрлэгт хамруулахыг хүсэж, бяцхан үрсийнхээ азанд найдаж суугаа биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )