СҮХБААТАР: Засаг даргын Зөвлөлийн хурал болов

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өчигдөр /2022.02.21/ боллоо. Хурлаар хэлэлцсэн эхний асуудал бол дүүргийн хэмжээнд тавдугаар сард зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангах тухай байв.
 
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/59 дүгээр захирамжаар болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд аж ахуй нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан ажиллагааг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2022 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэг хийх хуваарийг баталсан. Энэ хуваарийн дагуу ирэх тавдугаар сард Сүхбаатар дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.
 
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зэрэг зорилготой юм.
 
Мөн Зөвлөлийн хурлаар батлан хамгаалах хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын 18-50 насны иргэд, цэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл офицеруудын цэргийн үүргийн биелэлтийн үзлэг, хяналт шалгалт хийх тухай болон бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.  
 
Top