С.Ганзориг: АМГТГ хэл ам дагуулсан асуудалд ХАРИУЦЛАГА хүлээх ёстой

2022 оны 02 сарын 22

“Эрэл сурвалжилга” нэвтрүүлэгт Петрочайна дачин тамсаг компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Ганзориг оролцсон юм. Энэ удаагийн “Өглөөний зочин”-оороо тус ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. Ташрамд дуулгахад, “Өглөөний сонин”, “Эрэл сурвалжилга” нэвтрүүлэг хамтран хэд, хэдэн удаагийн сурвалжлагыг бэлтгэсэн юм.  


-Петрочайна дачин тамсаг компанид одоогийн байдлаар хөдөлмөрийн гэрээтэй хэчнээн монгол ажилчид байдаг вэ?

-Миний хувьд энэ компанид ажилд ороод гурван жил болж байна. Харин Үйлдвэрчний хорооны даргаар энэ оны нэгдүгээр сард сонгогдсон. Манай хороо байгуулагдаад олон жил болж байгаа. Сая болсон Үйлдвэрчний хорооны хурлаар 521 монгол ажилчны нэр бүртгэгдсэн. Олон ажилтантай, орж гарах хөдөлгөөн их байдаг. Ер нь 600 орчим монгол ажилтантай гэж ойлгож болно. Харин хятадуудын хувьд хил гааль хаалттай байгаатай холбоотойгоор янз бүр байна. Компанийн хоёр талбайд нийтдээ 50-60 хятад ажилтан байгаа байх. Зарим нь Улаанбаатар хотод бий.

-Компанийн удирдлагуудын зүгээс “КОВИД” гэдэг үгээр бидний амыг маш их таглаж байсан л даа Үйлдвэрчний хорооны дарга учраас үнэн бодитоор ярих байх гэж итгэж байна. Танай компанийн ажилчдын ажиллах орчин, нөхцөл байдал, цалин урамшууллын хувьд ямар байгаа вэ?

-Газрын тосны асуудал дээр шийдвэр гаргах хэмжээний монгол дарга гэж үнэндээ байдаггүй. Энэ бол надад үнэхээр харамсалтай санагддаг. Ганц нэг менежер, хэлтэс, нэгжийн дарга нэртэй хүмүүс бий. Гэвч тэд маань ажилчидтайгаа л тулж харьцахаас бус удирдлагуудтай ярилцаад, бие даан шийдвэр гаргах хэмжээний эрхтэй биш. Өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд ажилчидтайгаа холбоотой асуудал дээр дуу хоолойгоо гаргах гэж оролдсон хүмүүс хавчигдах байдлаар ажлаасаа халагдсан тохиолдлууд ч байгаа. Зарим нэгнийх нь асуудал шүүх дээр явж байгаа юм билээ. Ер нь энэ компанийн шийдвэр гаргалтад Монгол талын дарга нар байвал их зүгээр

Шийдвэр гаргах хэмжээний монгол дарга нар байхгүйгээс болоод монгол ажилчдын дуу хоолойгоо хүргэх, эрх маш ихээр зөрчигддөг. Өвөрмонголчуудаар дамжуулж хятад дарга нартайгаа харьцах шаардлага үүсдэг. Ингэж л явж ирсэн. Цар тахалтай холбоотойгоор ажил зогсож, цалин мөнгөө гүйцэт авч чадахгүй асуудлууд үүсэж байгаа. Манай компани маш бага хүчээр их ажлыг амжуулж байна. Олон цагаар, олон хоног ажлуулдаг, 2-3 ажлыг давхардуулж хийлгүүлдэг байдал сүүлийн хоёр, гурван жил үргэлжиллээ. Өнгөрсөн онд л гэхэд 19 дүгээр талбай дээр манай залуусыг буулгахгүй 60 гаруй хоног ажлуулаад, өнөөдүүл маань олон нийтэд мэдэгдэж байж гэртээ харьж байсан. Цар тахалтай холбогдуулж хэтэрхий хатуу хорио цээрийг манай компани хэрэгжүүлж байгаа. Хийрхэл нь хэтэрсэн.

-Танай ажилчид хэд хоног талбай дээр ажиллаад хэд хоног амрах ёстой вэ?

-Манай компанийн барьж байгаа хөдөлмөрийн хууль, дотоод журманд зааснаар 28/14 хоног шүү дээ. Ажилчин 28 хоног талбай дээр ажиллаад 14 хоног гэртээ амрах ёстой. Энэ хөдөлмөрийн гэрээ одоо зөрчигдөөд байгаа. Яагаад гэрээгээ зөрчөөд байгаа талаар асуухаар цар тахлаас болж байна, ажлын шаардлагаар олон хонуулах хэрэгтэй байна гэсэн тайлбар хийдэг. Олон хоног улирч ажиллаж байгаа хүмүүстээ илүү цагийн хөлс мөнгийг нь өгч л байгаа. Гэхдээ сайн судлах юм бол зарим нь авч чадахгүй байна гэсэн хэл ам ихтэй байдаг.

-Цар тахлаас шалтгаалаад ийм байна уу, ер нь ийм байсан уу?

-Цар тахлаас өмнө харьцангуй гайгүй, журмаа бариад явдаг байсан. Гэхдээ цар тахал гарснаас хойш бүх зүйл эмх цэгцээ алдсан.

-Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн Хөдөл­мөрийн тухай хуулиар бол уул уурхайн ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног амрах ёстой. Энэ хууль одоо мөрдөгдөж байна уу?

-Шинэчилсэн хуулийн заалт оны өмнөөс л тодорхой болсон. Гэнэтхэн хэрэгжүүл гэсэн юм байхгүй. Харамсалтай нь манай компанийн удирдлагууд дорвитой ажил зохиохгүй л байна. Би Үйлдвэрчний хорооны ажлыг аваад нэгдүгээр сарын 20-доор яг энэ асуудлын талаар бичиг өгсөн. Албан ёсны хариу өгөхгүй байсаар хэдхэн хоногийн өмнө удирдлагуудтайгаа уулзсан. Гэсэн ч өнөөх л ярьдаг “Халдвар хэцүү байна, халдвараас болоод хэрэгжүүлж чадахгүй байна” гэдэг зовлонгоо ярьж байна лээ. “14/14 гэдэг бидний хувьд хүнд байна, яах вэ Ганзориг оо” гэсэн хүмүүс л байсан. Ер нь аливаа улсын хууль тогтоомжийг “яах вэ” гээд хараад сууж болох юм уу. Хэрвээ Үйлдвэрчний хорооны зүгээс та бүхэнтэй ярилцаад энэ 14/14 гэсэн заалтыг ингэе, тэгье гээд ярилцах юм бол би Монгол Улсын иргэн мөн юм уу, Монгол Улсынхаа гаргаад байгаа хуулийг дагах юм уу, яах юм гэдэг асуудал бий болно гэдгээ би хэлсэн.

-Монгол Улсын хуулийг дагах юм уу, дагахгүй юм уу?

-Би яг л ингэж хэлсэн. Монгол Улсын хууль гарсан л бол бид хэрэгжүүлэх ёстой. Компанийн удирдлага, Үйлдвэрчний хороо хоёр хоорондоо ярилцаад энэ хуулийг ингэж зөрчье гэх ямар ч хууль эрх зүйн үндэс байхгүй гэдгийг хэлсэн.

-Энэ бол БНХАУ-ын Засгийн газартай манай улсын Засгийн газрын хэмжээнд хийж байгаа том төсөл шүү дээ. Монгол Улсын Засгийн газар та бүхний эрх ашгийг хамгаалж байна уу?

-Засгийн газрын зүгээс, улстөрчид очиж ажилчдын зовлонг их сонсдог юм шиг байгаа юм. Хоёрхон жилийн өмнө л гэхэд Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас хүмүүс очиж, ажилчдын цалинг нэмнэ гэж ярьчихаад алга болсон. Үүнийг манай ажилчид бүгд мэднэ, харамсалтай нь баримтжуулж аваагүй байсан.

Цаашдаа газрын тосны хоёр талбай дээр очиж өөрсдийн нэр хүндээ өсгөх, хүмүүсийн зовлонг ойлгодог сайхан хүний дүрд орох гэсэн сонирхолтой улстөрчид, албаны хүмүүс очих юм бол Үйлдвэрчний хорооноос хувийн архив үүсгээд, дараа нь амлалтыг нь нэхэх байдлаар явна. Тэгэхгүй бол баахан хүмүүс цуглуулаад их л гоё юм ярьчихаад алга болчихдог. Тэдний ярьснаар бол хоёр талбай маань ажилчдын орон сууц, орчин үеийн спорт цогцолбортой болох байлаа. Арав, хорин жил болоход аль нь ч алга байна. Энэ мэтчилэн хэрэгжихгүй байгаа зүйлс зөндөө.

-Монгол ажилчдынхаа зовлон жаргалыг сонсоод, асуудлыг шийднэ гээд л явдаг юм уу?

-Тийм. Нэг л их сайхан сонсоно. Сүүлдээ ч манайхан бүр залхаж байна шүү дээ. Итгэл ч алдарсан.

-Уг нь манай монгол ажилчдын асуудлыг шийд гээд манай дарга нар хэлдэг байлгүй дээ?

-Хэлэхээсээ илүү бүх л ажилд нь оролцож байгаа хүмүүс шүү дээ, уг нь. Дээрээс нь зүгээр нэг хэлээд орхих биш, монгол ажилчдынхаа амьдрал, нийгмийн хамгаалал, эрхийг хангах ажилд оролцох ёстой л гэж хардаг.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээг 1993 онд хийж, дараа нь 2005 онд АНУ-аас БНХАУ руу гэрээ нь шилжсэн. Түүнээс хойш БНХАУ-ын Петрочайна дачин тамсаг гэдэг компани гэрээний эрх үүргийг хариуцаад явж байна. Энд ажиллаж байгаа монгол ажилчдыг дэлхийн хэмжээний цалин урамшуулал авдаг гэж ойлгодог, зөв үү?

-Уг нь энэ бол Монгол Улсад ганц байдаг газрын тосны олборлолт, экспорт хийж байгаа дэлхийн хэмжээний компани. Дээрээс нь Хятад улсын төрийн өмчит компани. Хүмүүс газрын тосныхон гайгүй цалин авдаг, ахуй хангамж сайтай гэж боддог байх. Гэвч бодит байдал дээр тийм биш, Монголын уул уурхайн жишигтэй харьцуулахад ч хэцүү болж байна. Оюу толгой зэрэг уул уурхайн том төсөлтэй эн зэрэгцэх боломж уг нь бидний хувьд байгаа.     

-Нууц биш бол монгол ажилчдын дундаж цалин хэд вэ?

-Монгол мөнгөөр бодох юм бол 1,2-1,3 сая төгрөг л байдаг. Бидний дунд гар дээрээ хоёр сая төгрөг авч байгаа хүн маш цөөхөн байгаа.

-Монгол ажилчдаа ам.доллароор цалинждаг гэж бодсон, үгүй юм уу?

-Анх хөдөлмөрийн гэрээн дээрээ ам.дол­лароор цалин өгнө гээд хийсэн байдаг. Гэтэл хоёр жилийн өмнөөс төгрөгөөр өгдөг болсон.

-Гэрээн дээрээ ам.доллароор цалин­жина гэж байгаа юм бол та бүхэн үүнийгээ шаарддаггүй юм уу?

-Ам.доллароор цалинг тавьсан байдаг юм. Ер нь 350 ам.доллароос цалин нь эхэлсэн байдаг. Удирдлагуудын зүгээс бидэнд “Монгол Улсын ахуй амьдрал хэцүү байгаа. Бид боломжийн цалин өгч байгаа гэж боддог. Ажлаас гарвал дараагийн ажил чинь бидний өгдөг шиг өгнө гэдэг хэцүү” гэсэн утгатай юм хэлдэг. Манай Үйлдвэрчний хорооны хуучин удирдлагууд “Хамтын гэрээ” гэж хийсэн байсан. Түүн дээр нь цалингийн нэмэгдэл нь 15, 20, 25 ам.доллар л байгаа юм. Үүнийгээ маш өндөр, та нарын амьдралыг дэмжиж байна гэж ярьдаг. Манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ ханш ингэж тогтмол өсөж байхад ажилчид сүүлийн 7-8 жилийн хугацаанд олигтой цалингийн нэмэгдэл авалгүй явж ирсэн.

-Өөр ямар нэгэн урамшуулал байдаг уу?

-Хээрийн нэмэгдэл гэж байдаг. Мөн гэртээ амарч байх хугацаандаа хээрийн нэмэгдэл нь хасагдаад цалингаа авдаг.

-Ажиллах орчин нөхцөл хэр вэ?

-Янз бүр байдаг. Лабораторид ажил­ладаг хүмүүс хортой нөхцөлд ордог. Дээрээс нь нэмээд хортой нөхцөлд орох шаардлагатай ажлын байрууд бий гэдгийг манай ажилчид хэлдэг.

-Нарийн мэргэжил шаардсан ажлын байран дээр монгол хүн байгаа юу. Аль эсвэл зөвхөн хар ажлыг л монголчууд хийдэг юм уу?

-Миний гол эмзэглэж явдаг зүйл энэ л дээ. Яг газрын тос хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи зэрэг нарийн ажил дээр манайхан байхгүй. Хятад мэргэжилтнүүд нарийн мэргэжлийн удирдлагын түвшинд компьюторын ард суугаад бүх тооцоо, төлөвлөгөө, судалгааг хийдэг.

Тэдгээрийг дагалдсан манай менежер, ахлахууд байдаг. Гэхдээ яг газрын тосны өндөр мэргэшсэн хүн байхгүй. Дээрээс нь газрын тосны мэргэжлээр урд төгсөж ирсэн залуус манай компани дээр ирээд ажиллаж чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор цаашдаа Монгол Улс газрын тосны асуудлаа өөрсдөө бие даагаад авч явах юм уу гэдэг асуудлыг ч ярих хэрэгтэй. Мэдээж Хятадын компани бодлогоороо хятад ажилчдаа авч ирж ажиллуулах л байх. Гэхдээ тэдний хажуу­гаар монголчуудаа дагалдуулаад, тэдний түвшинд мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх ёстой.

-Ажилчдын байрладаг чингэлэг сууц их дажгүй санагдсан. Гэхдээ бүгд тийм байж чаддаг уу, тэр сууц аятайхан гэсэн ангилалд орж чадах уу?   

-Сүүлд 21 дүгээр талбайн сууц шинэчлэгдсэн. Харин 19 дүгээр талбайн сууц дээр шинэчлэл явагдаж л байгаа юм билээ. Бусад уул уурхайн кэмпээс ялгаатай нь манайх гэр сууцгүй, түүгээрээ давуу талтай гэж ойлгож болно. Дотроо устай, бие засах газартай, бидэнд ч гэсэн сууцны тухайд учиргүй болж бүтэхгүй юм байхгүй. Гэхдээ анх бол яг тэнд ажилчдын орон сууц барина гэж байсан. Гэвч болж бүтэхгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Хэрвээ энэ компани нэг л өдөр гараад явлаа гэхэд тэнд ямар ч барилга, байгууламж үлдэхгүй л гэсэн үг.

-Засгийн газрын төлөөлөгч гээд Ашигт малтмал, газрын тосны газраас нэг, нэг хүн 19, 21 дүгээр талбай дээр томилогддог юм билээ. Энэ хоёр хүн монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах ажил хийдэггүй юм уу?

-Намайг ажилд орсон цагаас хойш манай хоёр талбай дээр уулзалт зохион байгуулаад Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа бодлогын талаар ярьж хэлсэн юм огт байхгүй. Урьд ч тэгж байгаагүй гэдгийг ажилчид хэлдэг. Гэхдээ одоо байгаа хоёроос арай гайгүй ажиллаж байсан төлөөлөгч нар байсан гэж ярьдаг. Уг нь бол Засгийн газрын төлөөлөгч гэдэг маань Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, Монгол Улсын хууль тогтоомж энэ гадаадын хөрөнгө оруулалттай компанид хэрэгжиж байна уу хяналт тавих ёстой хүмүүс. Энэ компанид монгол хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна уу, байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлж байгааг газар дээр хянаад, асуудал үүссэн тохиолдолд хамгийн түрүүнд дуугарч байх хүмүүс юм шүү дээ.

-Дуугардаггүй юм уу?

-Үгүй

-Тэгээд юу хийдэг юм бол?

-Ёстой мэдэхгүй, хувийн ажлаа хийдэг юм байгаа биз. Засгийн газрын төлөөлөгч ийм ажил хийлээ, ийм хурал хийж байна, ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр төлөөлөгч ингэж хэллээ л гэж сонсоогүй.

-Улстөрчдийн хүмүүс л тэр албан тушаалд очдог гэх юм билээ?

-Би ч гэсэн энэ талаар сонирхож байсан. Манай УИХ-ын гишүүд л өөрсдийнхөө хүнийг тавьдаг гэж ярьдаг юм билээ.

-Хэн?

-Манай компанийн ажилчид 19 дүгээр талбай хариуцсан Засгийн газрын төлөөлөгчийг Х.Болорчулуун гишүүн тавиулсан гэж ярьдаг. Харин 21 дүгээр талбайн төлөөлөгчийг хуучин Дорнод аймгийн даргаар ажиллаж байсан Уулаа гэж хүний эхнэрийнх нь дүү л гэдэг. Үнэн, худлыг нь бол мэдэхгүй. Ийм л хоёр төлөөлөгч байдаг. Засгийн газрын төлөөлөгч нар, Үйлдвэрчний эвлэлийн хороо хоёр бол хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ талын хууль, журам нь байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр Засгийн газрын төлөөлөгч байх шаардлагатай гэж заачихсан. Харамсалтай нь, тэд ажлаа хийхгүй байна.

-Хятадын дарга нартайгаа уулзаж, учир байдлаа хэлэх гэж орчуулагч өвөрмонголчуудаа царайчилдаг юм байна, тийм үү?

-Энэ чинь л асуудал үүсгэж байна. Би Үйлдвэрчний хорооны дарга болоод бичиг өгсөн чинь өвөрмонголчууд “би дамжуулна” гээд авдаг. Гэтэл өнөөх бичиг нь дарагдсан, мартагдсан тохиолдол гардаг. Манай хоёр талбай дээр өвөрмонголчууд л хамгийн гол дарга нар болчихоод байгаа. Монгол талын дарга байхгүй, Өвөрмонголын дарга байдаг болчихсон.

-Үйлдвэрчний хорооны дарга болсноос тань хойш танд ямар нэгэн байдлаар дарамт, шахалт ирсэн үү?

-Ажил эхлээд явж л байна. Саяхан хуралдахад нь би анх удаа орж суугаад компанийн удирдлагуудтайгаа анх удаа биечлэн уулзсан. Гэтэл орчуулга хийж байсан Өвөрмонгол дарга нь миний яриаг шууд таслаад “Чи ингэж ярих ёсгүй” гэсэн. Чи үндэсний үзэл гаргалаа гэсэн утгатай юм ярьж, хурлыг дуусгах тухай ярьсан. Үнэхээр сонин санагдаж байсан.

-Туслан гүйцэтгэгч ямар компаниуд байдаг юм бэ?

-Зөвхөн Петрочайна дачин тамсаг гэдэг нэрээр нь халхлагдаад туслан гүйцэтгэгч маш олон компаниуд үлдээд байгаа юм. Цахилгаан, тээвэр, өрөм, угсралт гээд 10, 20 компани байдаг. Тэдгээрийн ихэнх нь хятадын компани байдаг юм. Монголоос гэвэл ганц нэгэн тээврийн, харуул хамгаа­лалтын жийп машин түрээслүүлдэг компани бий. Манайхаас дутахгүй олон ажилчин бай­даг ч гэсэн ахуй нөхцөл нь манайхаас дор.

-Жийп машин түрээслэдэг компани нь Чойбалсан хотын захирагч байсан Уулаа гэж хүнтэй холбоотой гэж сонссон. Та энэ талаар мэдэх үү?

-Үнэн. Тэр компанийг хүүхэд нь ажиллуулдаг байх шүү.

-Таны хувьд Засгийн газар, Ашигт малт­мал, газрын тосны газрын үйл ажил­­лагаанд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сэтгэл хангалуун гэхээсээ илүү маш ноцтой байдлаар асуудалд хандахгүй бол болохгүй байна. Ажилчдын эрх ашиг, хөдөлмөрийн гэрээг орхиё. Зүгээр л байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус, Халх гол сумтай хамтарч ажиллах гэрээний хэрэгжилт, зам талбайн асуудлууд, аймгийн Засаг даргын тавьж байгаа тэр олон хууль ёсны шаардлагуудыг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж хуулийг хэрэгжүүлэх газар чинь Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар юм. Энэ бүх хэл ам дагуулаад байгаа асуудлуудад хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой газар нь ч энэ. АМГТГ манай компанийг өөрсдийн хараа хяналтдаа байлгаад, хууль тогтоомжийг ягштал биелүүлж, хоёр улсын компанийг хэл амгүй байлгах ёстой газар. Харамсалтай нь засаг төр, хууль шүүхийн байгууллага, Засгийн газрын төлөөлөгч нар, Ашигт малтмал, газрын тосны газрын эрх мэдэлтнүүд эдгээр асуудалд урагшгүй хандаж ирсэн учраас ажилчид, ард иргэдийн итгэл алдарчихаад байна.

-Монгол Улсын маш олон хуулийг Петрочайна дачин тамсаг компани зөрчиж байгаа. Цаашдаа гаднын хөрөнгө оруулалттай нэг компани орж ирээд энэ мэт үйлдэл гаргаад байх юм уу. Энэ сал­барыг ямар байгаасай гэж та хүсдэг вэ?

-Гаргана шүү дээ. Энэ байдлыг бид Петрочайна дээр л засаж авахгүй бол маш олон гадаадын хөрөнгө оруулалттай компани энэ үлгэр жишээг дуурайна. Монгол Улсын хууль журмыг нь зөрчөөд дарга нартай нь ойлголцоод явж болдог гэсэн имижийг манай компани маш сайхан харуулж байгаа гэж бодож байгаа. Монгол Улсад ийм дээрэнгүй байх байдлыг улам гааруулсан хүмүүс нь манай дарга нар. Түүнээс биш Хятадын компани манайх руу буу, шийдэм бариад орж ирээгүй. Хуулиа мөрддөг, гадныхантай хууль ёсны хүрээнд ажил явуулдаг байсан бол энэ компанийн нэр хүнд ч ингэж унахгүй байсан.

Монголын дарга нартай ар өврийн хаалгаар ажил ярьж, хийж болдог юм байна гэсэн мессеж, бодит байдлыг гарамгай ашиглаж байгаа хүмүүс нь өвөрмонголчууд. Тэд нараар дамжуулж хятадууд эрх ашгаа гүйцэлдүүлж байна. Цаашдаа асуудалд үнэнч шударга, хууль дүрмийн хүрээнд ханддаг байхгүй л юм бол дараа, дараагийн талбай дээр асуудал улам хүндэрнэ. Бидний үеийн залуусын хүсэл мөрөөдөл авлига, хүнд суртал, ялзарсан юмнаас хөгжлийн гол хөдөлгөгч хүч уул уурхайгаа салгаж авах. Ингэж чадахгүй бол Монгол Улсын ирээдүй бүрхэг. Маш их шуналтай, ар өврийн хаалгаар асуудлыг зохицуулдаг хүмүүс бидний дээр байгаа учраас Монгол Улсын хууль орхигдоод хятадын хөрөнгө оруу­лалттай компанийн ажил явагдаж байна.

-Энэ ярилцлага гарсны дараа Хятадын талын удирдлагууд яах бол?

-Өнөөдөр би зөвхөн хувийн эрх ашгаа яриагүй. Петрочайна дачин тамсаг компанийн Үйлдвэрчний хороон даргын байр суурийг илэрхийлж байна. Дээрээс нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа хүний хувьд үнэн бодит зүйлийг л ярьж байгаа юм. Энэ ярилцлагатай холбоотойгоор надад ямар нэгэн дарамт шахалт ирсэн тохиолдолд тухайн үед нь түүнийг олон нийтэд дахиад ярина. Яагаад гэвэл би хэн нэгэн хүний хувийн эрх ашиг, хэн нэгэн улстөрчийн амбицийг яриагүй.

-“Дараагийн ажил чинь ийм цалин өгч чадахгүй” гэсэн утгатай юм хэлдэг гэж та түрүүн хэлсэн. Ер нь “Ажиллаж чадахгүй бол зайлаарай” гэсэн юм байдаг уу?  

-Үүнийг зөндөө сонсож байна. Хүчээр ажиллуулаагүй, цар тахлын хүнд хэцүү цаг үед та нарыг халамжлаад явж байна гэдэг. Зөвхөн хятад удирдлагууд ч биш, монгол дарга нар ч тэгж хэлсэн тохиолдол байгаа. Энэ одоо шинэ хуулиар ажлын байрны дарамт үзүүлсэн болно.

 

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(66.181.183.14) 2022 оны 03 сарын 15

Гадны хүмүүсийг хөөгөөд гаргавал дээр дээ. Дорнод Монголын газарыг хамгаалах гэж олон хүний амь үрэгдсэн шүү.

0  |  0
Бичигч(103.229.123.104) 2022 оны 02 сарын 22

Би комданиа муулахгүы ээ. Оюу толгой бол 14/7 гэж явдаг амарч бхдаа цалингүй ш дээ. Манайх бол цалинтай амардаг. ГТГ бол хжилчдын цалин нэмүүлэх талаар юу ч хэлэхгүй. Өөрсдөө Жип машин түрээсэнд явуулж үхэр малаа андөр үнээр шахаж бна. Тийм блхоор ажилчдын талаар үг хэлэхгүй ээ

0  |  0
irgen(192.82.88.237) 2022 оны 02 сарын 22

yag unen. oyutolgoitoi adilhan undur tsalin uguh bolomj ene kompanid bii. daanch manai darga nertei tsuvdaitai gahainuud huurhii ajilchdad tm bolomj uguhgui baigaa yum..

0  |  0
Top