МАН-аас хөөгдөх дараагийн гишүүн нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан. Тиймээс энэ асуудалд тэрбээр байр сууриа илэрхийлсэн байна.
“Мөнгө тойрсон, мөнгөөр бүх асуудлыг шийдэж ирсэн нөгөө хэд амиа тавих нь ээ” хэмээн Хөгжлийн банкны дуулиантай холбоотойгоор тайлбар бичжээ.
Тэрээр “Хөгжлийн банкны хулгай, луйврыг надад наах гээд хэсэг хүн амиа тавьж байна. Хэдэн хулгайч мөнгө төлж хөлсний бичээчдийг хөлсөлж ор үндэсгүй гүтгэлэг тарааж эхэлжээ. Танил технологи, танил хүмүүс. Мөнгө тойрсон, мөнгөөр бүх асуудлыг шийдэж ирсэн нөгөө хэд амиа тавих нь ээ” гэсэн байна.
Мөр тэрбээр
"Нэгдүгээрт, Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны шийдвэрээр шилжин ирсэн. Түүнээс өмнө Хөгжлийн банк ЗГХЭГ-ын харьяанд байж, тэнд тайлангаа тавьдаг байв. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ Хөгжлийн банк, Сангийн яамны харьяанд байхгүй бол болохгүй байна, мэргэжлийн яам хариуцаж, хяналтаа тавьж байхгүй бол болохгүй юм, та үүнийг авч цэгцлээч гэж хэлж тун удалгүй Сангийн яаманд Хөгжлийн банк шилжиж ирсэн юм.
Хоёрдугаарт, Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирмэгц Хөгжлийн банкны удирдлагын багийг цогцоор нь өөрчилсөн. Сангийн яам, Төрийн банкны мэргэжилтнүүдээр бүрдсэн удирдлагын баг тавьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан банкыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Авсан зээлээ төлдөггүй нөхдүүдийг шүүхэд өгөх ажиллагааг энэ баг эхлүүлж, банкыг цэвэрлэж эхэлсэн.
Хөгжлийн банкны хулгай, луйврын талаар Сангийн яам, АТГ, прокурор гээд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Хамтын ажиллагааны үр дүнд Хөгжлийн банк шүүх дээр ялалт байгуулж эхэлсэн юм. 2021 оны нэгдүгээр сард намайг Сангийн сайдын ажлаа өгсний дараа Хөгжлийн банкны удирдлагын баг өөрчлөгдөж, нөгөө муу зээл өгч байхад ил далд оролцож байсан зарим нөхөд буцаж ажилдаа орсон.
Гуравдугаарт, Хөгжлийн банкны далимд Төрийн банкыг ч бас яръя. 2017 оны арваннэгдүгээр сард Сангийн сайдаар томилогдоод 76 захиралтай, “Шинжиан Шинфа”-д өгсөн луйврын зээлээс болоод олон арван тэрбумын алдагдалтай, жижиг сажиг хулгай нүүрэлчихсэн банк хүлээж авсан. Тун удалгүй Төрийн банкны удирдлагыг бүгдийг нь сольж 76 захирлыг 32 болгож шинэ бүтцээр ажиллуулж эхэлсэн. Одоо Төрийн банк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. “Шинжиан Шинфа”-ийн луйварт оролцсон хүмүүсийн зарим нь ял авсан, зарим нь ял завшаад явж байна. Хөгжлийн банк тойрсон олон нүгэл нүдээрээ гарна гэдэгт итгэж л байна. Яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй дээ. Баригдана даа баригдана” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Хулгайч хулгайчийг бариараа гэж чанга орилдог юм гэсэн.
Хараал идсэн хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
Хүрэлбаатараа танай нам ЖДҮХС, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ САН ,НДС ,ЭМДС ,КАПИТАЛДАХЬ ИРГЭДИЙН МӨНГӨ ,ХӨГЖЛИЙН БАНК 2016 ОНООС ХОЙШ ЕСТОЙ ИДЭЖ УУЖ ЦУСЛАХ ШИГ БОЛОВ.2017 ОНООС УИХын ШИИДВЭРЭЭР ОЛГОДОГ БАЙСАН ЭРХИЙГ БАНКИНД ӨГЧ ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БАЙГААД БАНК ДАМПУУРУУЛЖЭЭ.ЧИ ОДОО Л АРДААС НЬ ХАШГИРЧ ГЭНЭ ИНЭЭД ХҮРМЭЭР ЮМ
Төрийн банканд дахь Төрийн өмчит компануудын тавьсан өр төлбөр чинь 16.4 ихнаяд болчихоод байна . Яах гэж байна хонгио Оюуэрдэнэ ээ