“Zoom” тэсрэлт хийсэн, “Amazon”, “TikTok” салбартаа ноёрхож, цахилгаан автомашин, робот, хиймэл оюун ухаан, 5G хэрэглээнд нэвтэрсэн гээд өнгөрсөн хоёр технологийн салбарын хувьд ололт амжил ихтэй жил байлаа.
ЖОЛООНЫ АРД ХҮН СУУХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОХ ҮЕ ОЙРТСООР
Одоогоор зөвхөн АНУ-ын Финикс, Аризона мужид 300 гаруй автомашин жолоочгүйгээр хөдөлгөөнд оролцож байна. “Waymo” компанийн бүтээсэн алсын удирдлага, хиймэл оюун ухаант машинууд такси үйлчилгээнд яваад хоёр жил өнгөрсөн бөгөөд энэ онд үйлчилгээгээ илүү тэлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэдний гол өрсөлдөгч нь цахилгаан автомашинаар танигдсан “Tesla” болон “General Motors” компани юм. Тус компаниудын автомат жолоодлогын туршилт маш амжилттай байгаа бөгөөд үйлчилгээнээс илүү хэрэглэгчид зориулж бүтээж байгаа аж. Түүнчлэн “Aurora Technologies”, “Lyft, Auto X”, “Nuro” компани жолоочгүй машинаар бараа хүргэлт, такси үйлчилгээ эрхлэх зах зээлд хүч түрэн орж ирээд байна. Жолооны ард хүн байх шаардлагагүй болох ирээдүй ойртсоор байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ ӨСЖЭЭ
Цар тахлын нэгэн эерэг нөлөө нь хүн төрөлхтөн эрүүл мэндийн салбарт илүү их анхаарах хэрэгтэйг сануулсан явдал байв. Коронавируст шинжилгээний хариуг анх хэд хоногоор хүлээж цаг алддаг байсан бол одоо хэдхэн минутад оношлох төхөөрөмж бүтээсэн нь технологийн хөгжил ямар хурдан байгааг гэрчилнэ. Эрүүл мэндийн үйлчилгээг авахад зарцуулах хугацааг багасгахаар аппликейшн, нэгдсэн системийг нэвтрүүлж ухаалаг цаг, асрагчийн туслахууд бүтээж хэрэглээг хялбарчилсаар байна. Энэ салбарт хиймэл оюун ухаант роботуудыг ашиглаад эхэлсэн бөгөөд Энэтхэг, АНУ, Их Британийн зарим эмнэлэгт байнгын хэрэглээ нь болоод байгаа юм.
ЦАХИМ ВАЛЮТЫН АРИЛЖАА ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭВ
Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд идэвхтэй яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр арилжаа хийх нь нэмэгдэж байна. Ялангуяа бусдаасаа хамгийн их алдаршсан Биткойны ханш огцом өссөн нь хүмүүсийг энэ салбарт ороход хүргэсэн. Үүнээс гадна дэлхийн улс орнууд өөрсдийн орны крипто мөнгөн тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн. Хятадын Ардын банк өөрийн гэсэн цахим валютыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл Японы төв банк болон Европын төв банк хамтран цахим валютын технологи болох “distributed ledger”-ийг зах зээлийн дэд бүтэц болгон ашиглах судалгаа хамтран хийж буй аж.
РОБОТУУД ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРСЭЭР
Хүн төрөлхтөнд автомат гэдэг үг сонин санагдахаа болиод уджээ. Ашиглаж хэрэглэж буй бүхнээ автоматжуулж, хүний хэрэглээг хөнгөвчилсөөр байгаа технологийн хөгжил улам түргэссээр байна. Цар тахал технологийн хөгжлийг улам хурдасгасан гэж хэлж болно. Халуун хэмжих, өрөөг ариутгах, цэвэрлэх гээд ахуйн ажлуудыг хиймэл оюун ухаант роботууд хийгээд эхэлсэн. "I Robot", "Star Wars", "Wall E" зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд биеллээ олоход ойртсоор байгааг технологийн мэргэжилтнүүд онцолж байна. Роботууд таны хоолыг бэлдэж, ажилд тань хүргэн, хүүхэд асарч, онгоц жолоодоход ойрхон байгаа гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 0 )