ОЛОН ӨНГӨ: Урин дуудагч Сусида

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Чулууг яагаад чулуу гэж нэрлэсэн юм бол. Би бол үүл хөгжимдөгч гэж нэрлэнэ. Би жаахан байхдаа үгийн талаар их боддог байлаа. Үг хэзээ үүсэж, нэр, нэршил хэрхэн үүссэнийг эргэцүүлж бодох тусам утга нь гүн, агуулга нь өргөн болоод ирнэ. Түүнийгээ улам ухаж түнхэж бодсоор дэгэж дэрвэх насандаа гүн ухаантан шиг бодлогоширсон, гэрээсээ гардаггүй, ном шагайдаг нэгэн байв.

Аливаа зүйлийг өөрийнхөөрөө зохион нэрлэдэг тэр зангаараа хүмүүсийн толгойг эргүүлж орхино. Жишээ нь, сумынхаа нэрийг боронз эрвээхэйсийн орон гэж нэрийдэх. Манай нутагт том оо эрвээхэй нисэлддэг байсан сан. Түүнийг нь дагаад л би өөрөө нисээд байх. Одоо бодоход тэр л том эрвээхэйнүүд намайг дамжлан нисдэг болж таарлаа.

Манай сумыг аймгийн төвтэй холбодог Хар овоог салхины хүчит эргүүлэг гэж нэрийдэх болсон минь ч учиртай. Мөнөөх эрвээхэйсийг хөөж яваад Хар овоон дээр санамсаргүй гарчихсан юм. Ер бусын хүчтэй салхины эргүүлгэнд алгадуулж золтой л хийсчихсэнгүй. Айж мэгдсэн хүн бууж билээ. Салхи тийм хүчтэй, бариад авмаар биетэй гэдгийг тэр үед л мэдэрсэн юм. Аавын ажлыг сумын захиргаа биш өнгөт шилэн цонхтой өндөр цамхаг гэж бодох.

Сумандаа хамгийн өндөр нь аавын ажил л даа. Цонх нь яг л сүмийн гэгээвч шиг өнгө өнгийн талстан шилтэй. Тэрхүү шилээр тусах нарны гэрэл түм бум хуваагдаж өнгө өнгөөр талстан миний даашинз дээр тусдаг байлаа. Харин ээжийн ажил бол энгийн нэгэн цэцэрлэг биш ид шидийн орон байлаа.

Тэнд өвлийн өвөө зочилж, цасан охид амилж, туулай дэгдэж, чоно харайдаг байв. Нүдээ аниад алгаа дэлгэхэд хүүхдүүдийн чихнээс чихэр гаргаж ирдэг ид шидтэй манаач ах, нүүрээ дараад инээхэд хоосон халаасанд минь үзэм ургуудаг тогооч эгчтэй. Ээж минь гэнэтхэн өвлийн өвөө болж хүнгэтэл ярьж, бэлэг тарааж байснаа гэнэтхэн л цэнхэр даашинз өмсчихсөн мандолин хөгжим тоглож байдаг сан. Одоо харин алсын алсаас төрөлх нутгаа санагалзан "Урин дуудагч Сусида", "Салхины орон", "Цагаан дорнын аглагт" хэмээн Сайнцагааны бяцхан суурингаа шүлэгтээ мөнхөлж, чихээ наахад бүдэг ягаахан тэнгэрийн аялгуу сонсогддог үүлс хөгжимддөг чулуудаа санан суудаг болсон.

А.СҮГЛЭГМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top