Инженерийн хувьсгалыг эх орондоо эхлүүлцгээе

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

“Эх орондоо инженерийн хувьсгалыг эхлүүлье” гэсэн уриалгыг эрх баригчдаас авахуулаад энгийн ард түмэн, ер энэ дэлхийн өнцөг буланд оршин буй монголчууддаа хүргэхийг хүслээ.

Хэдий болтол бидний монголчууд алтан дээр сандайлсан гуйлгачид, баялгаа барж амьдрагчид, хөгжил буурай орны иргэд гэсэн “хоч” зүүх ёстой юм бэ. IQ, генээрээ Азидаа байтугай дэлхийд дээгүүрт ордог Монгол шиг орон энэ бөмбөрцөг дээр тийм ч их биш. Хэдхэн хоногийн өмнө манай улсаас ой тогтоолтын дэлхийн хошой аварга тодорлоо. Энэ бол монгол хүн юуг ч бүтээж, хийж чадахын илэрхийлэл биш гэж үү.

 Гэсэн атлаа Монголын хөгжил яагаад буурай байгаад байна вэ. Яагаад бид экспортын өмнө “сөгдөж”, импортын өмнө “хуйлран гүйлдэнэ” вэ. Яагаад бид техникийн хөгжил, технологийн дэвшлийг гаднын улсуудаас л харж гайхан бишрэх ёстой юм бэ. Яагаад бид гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй, хэлтэй бол хэлтэй байж хүн төрөлхтний хөгжлийн сүүлийг мушгиж амьдрана  вэ. Яагаад монголчууд дэлхийг байлдан дагуулах тийм агуу техник технологийг бүтээж болохгүй гэж. Яагаад, яагаад, яагаад... Бодох л асуудал.

 

ИНЖЕНЕР УХААН ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

 

Тийм ээ, Монголын нийгэмд инженер ухаан дутагдаж байгаагийн бүх илрэл дээр өгүүлсэн яагаад гэсэн асуултыг урган гаргуулаад байгаа юм. Инженер ухаан дутагдана гэдгийг энгийнээр тайлбарлавал, бүтээлч ухаан бидэнд дутагдаж байна гэсэн үг. Учир нь, инженер хүн гэдгийг би хувьдаа бүтээдэг хүн гэж ойлгодог. Түүнээс бус толь бичигт тайлбарласан шиг “Инженерчлэлийн шинжлэх ухаанаар их дээд сургууль төгссөн мэргэжилтнийг инженер гэнэ” гэж тодорхойлсон болгоныг инженер гэж хэлж болмооргүй санагдана. Өөрөөр хэлбэл, манай ард түмний хэрэглэж ирсэн дархан хүний бурхан ухаан хэмээх хэллэгийг инженер сэтгэлгээнд хамааруулж ойлговол хамгийн ойлгомжтой байх биз.

МУИС-ийн нэгэн багш “Монгол инженерүүдийн олонх нь компьютер доторx процессыг мэдэхгүй байж компьютерыг сурсан нь инженерчлэл утгаа алдаж байгаа юм” гэж хэлсэн байдаг.

Энэ нь Монголд жинхэнэ инженерүүд цөөхөн, зөвхөн инженер хүмүүсийн хэрэглэгчид л олон болсон гэж хэлж байгаатай агаар нэг юм. Бодоод үзэхээр үнэхээр тийм аж. Өнөөдөр Монголд инженер мэргэжлээр цөөнгүй сургууль боловсон хүчин бэлтгэж, багагүй төгсөгчдийг нийлүүлж байгаа ч тэд инженер ухааныг энэ нийгэмд “тарьж", "ургуулж” чадахгүй байгаа нь бодит үнэн.

Нөгөө талаар ганц нэг хийж бүтээж байгаа монгол инженерийнхээ хийсэн бүтээлийг ард иргэд нь ашиглах нь тун ховор байгаа нь инженер ухаан энэ нийгэмд хомстох эхний шалтгаан болоод байгаа юм. Та бод л доо. Ажил дээрээ, гэртээ гээд ахуй хэрэглээндээ хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнээ нэг хараад үзээрэй. Бүгдээрээ л гаднаас орж ирсэн байгаа биз. Бид ийм л болохоор эх орон минь хөгжил буурай орны тоонд цохиж явдаг байх нь. Тэгвэл яаж, ямар замаар өндөр хөгжилтэй орон болж болох вэ. Боломжийг хайцгаая...

 

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДЭЭ ДЭМЖЬЕ

 

Үнэхээр л хөгжилтэй улс орнуудын түүхээс харвал инженерийн ухаанаар хөгжлийн өндөрлөгт хүрсэн нь илт байдаг. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүчээ болоод буй  Азийн бар орнууд инженерийн хувьсгалыг өрнүүлж чадсанаараа л өнөөгийнхөө өндөрлөгт хүрчээ. Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Японы хөгжлийг инженерүүд нь л буй болгожээ. Дээрх улсуудад инженер ухааныг эрхэмлэж, бүтээгч инженерүүдээ төр засаг нь ч дэмжиж, сайшааж, тусалдаг байна.

Аливаа нийгмийг инженерүүд авч явдаг гэх теоремыг дэлхийн өндөр хөгжилтэй орны төрх тэр чигээрээ баталж байна шүү дээ.

Түүнээс бус гудамжинд зогсоод уриа лоозон барьчихаад хийрхлээр дүүрч, хий хоосон ард түмэн гэж ярих улстөрчид нийгмийг авч явдаггүй юм байна. Тийм ч их наядын хөрөнгө босгоно, ийм ч их хэмжээний бонд гаргана гэж ярих эдийн засагчид ч энэ нийгмийг авч явдаггүй юм байна. Нийгэмд хуулийг хэрэгжүүлнэ, хэм, хэмжээг тогтооно гэж омогдох хуульчид ч нийгмийг авч явдаггүй аж. Гагцхүү инженерүүдийн ур ухаан, шинэлэг бүтээл л нийгмийг хөтөлж, чиглүүлж авч явдаг юм байна.

Ийм учраас Монголоо өндөр хөгжилтэй орон болгоё л гэж бодож байгаа бол чадварлаг инженерүүдийг бэлтгэж, чансаатай бүтээлийг “төрүүлэх”-д гол анхаарлаа хандуулах цаг дор ирээд байна. Хэдхэн жилийн өмнө дөө, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр Монголоос 1000 гаруй инженерийг Японд суралцуулах төсөл хэрэгжих мэдээ гарч байв. Энэ бол сайн мэдээ. Хамгийн гол нь уг төсөлд инженер болох чин хүсэлтэй, эх орондоо ихийг бүтээх хүсэл тэмүүлэлтэй нь хамрагдаж чадвал үр дүнд хүрнэ. Түүнээс бус сайд дарга нарын хамсаатан, үнэ өртөггүйхэн гадаадад сурахыг эрмэлзэгчид хамрагдвал харамсалтай юм.

Хамгийн гол нь Монголд жинхэнэ инженерүүд ус агаар мэт хэрэгтэй байна. Нийгмийн энэ шаардлагыг саруул ухаанаар тунгааж, Монголын нийгэмд инженер ухааныг “тарих” ажлыг эрх баригчид хийх цаг болсон. Төр засаг нь дэмжээд өгвөл нэг үеэ бодвол Монголд ганц нэг салбарт инженерийн ухаан хөгжиж байна.

Тухайлбал,  маргааш “Барс моторс”-ын дэргэдэх “Барс электрик” компанийн инженерүүд монгол хүний оюун санаа, инновацид түшиглэсэн анхны цахилгаан машиныг танилцуулах гэж байна. Монголчууд өөрсдөө цахилгаан машин зохион бүтээчихлээ. Энэ бол дэвшил. Хамгийн гол нь хийж бүтээж байгаа нэгнээ төр бодлогын хэмжээнд дэмжээд явчихбал мөн ч сайнсан.

 

ИНЖЕНЕРҮҮДИЙН ДУНД ӨНДӨР БООЦООТОЙ УРАЛДААН ЗАРЛАЯ

 

Яг одооноос монгол инженер бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө мэргэжлээр төсөл гаргахыг уриалж байна. Та бүхний гаргасан төсөл Монголын нийгэмд хэрэг болно. Салбар бүрт инженерийн бүтээл өгүүлэгдэж байгаа өнөө цагт инженер та бүхний гаргасан санаа, боловсруулсан төсөл болгон чинь дэмжигдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр засгаас инженерүүдийн дунд асар өндөр бооцоотой уралдаан зарлаж яагаад болохгүй гэж. Ингэж гэмээ нь инженерүүд ихийг сэдэж, олныг бүтээнэ дээ.

Нийгмийг авч явдаг эрхэм инженерүүд энэ цагт өөрсдийнхөө үүргийг гүнээ ухамсарлаж, нийгэмд хэрэгтэй бүтээлийг хийж, төрөөс түүнийг нь дэмжих тал дээр бүх боломжоороо оролцвол эх орны минь ирээдүй гэрэлтээд ирнэ гэдэгт бичигч би лав эргэлзэхгүй байна. Нэг нийгмийн байгууллаас нөгөө нийгмийн байгуулалд шилжихийг нийгмийн хувьсгал гэж нэрлэдэг шиг бүтээгчдийг мартсан нийгмээс бүтээгчдийг санасан нийгэм рүү шилжицгээе. Тийм ээ, Монгол инженерүүд ээ, мориндоо мордоцгоо. Яг өнөөдрөөс эхлээд инженерийн хувьсгалыг эх орондоо эхлүүлцгээе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.99) 2022 оны 02 сарын 27

Яагаад гэвэл монгол хүн зөвхөн хар амиа боддог хууль дүрмийг уландаа гишгэдэг хүний чанар хүн хүндэтгэх хүмүүжил байхгүй ёс зүй мэдэхгүй бүдүүлэг эх оронч үзэл байхгүй залхуу гэх мэт дутагдал нь монгол улсыг дампууруулж сөнөөх үндэс юм.

1  |  0
Top