Таван жилийн өмнөх асуудал одоо ч хэвээрээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 26

Таван жилийн өмнө Японы Ардын дипломатчдын нийгэмлэгийн дэд тэргүүн, Япон, Монголын соёл, эдийн засгийн зөвлөлийн дарга Ито Наохико гэх хүн манай улсад айлчилж, түүнтэй богинохон хугацаанд ярилцах боломж олдож байсан юм.

Тэрбээр манай улсад тулгамдаж буй хамгийн том асуудлаар замын түгжрэлийг нэрлэж байв. “Намайг анх дөрвөн жилийн өмнө ирж байхад тулгарч байсан бэрхшээлүүд өнөөг хүртэл тулгарсаар байна.

Улаанбаатар хотод тулгарч буй хамгийн том асуудал нь замын хөдөлгөөн. Дөрвөн жилийн өмнө би нисэхээс ирэхдээ бараг 3-4 цаг зарцуулж байсан шиг санагдана. Өнөөдөр ч гэсэн 10 минут явчих газар бараг 30-40 минут түгжирлээ. Хотын замын түгжрэлтийг шийдэх хэд хэдэн гарц бий. Нэг хэсэг танай улс метро тавих талаар ярьж байсан. Чимээгүй болчихсон байхыг бодоход ахиц гараагүй бололтой.

Зам дээгүүр гүүр барьж, метро явуулж эсвэл давхар зам байгуулж болно. Мөн  трамбэй ашиглаж болох юм. Энэ бол манай улсын замын хүндрэлүүдээ шийдэж ирсэн гарц. Гэхдээ Монголын талаас Японы зам, техникийн ажилчидтай ярилцаад, туршлага судлан замын хөдөлгөөний хүндрэлтэй байдлаа шийдэх боломжтой. Хэрэв танай удирдлагууд  хотынхоо хүн амыг урьдаас зөв тооцолсон бол  өнөөдөр ийм байдалд хүрэхгүй ч байж болох л байсан” гэж байсан юм. Тухайн үед “Дөрвөн жилийн өмнө ирэхэд л тулгарч байсан бэрхшээлүүд өнөөг хүртэл тулгарч байна” гэдэг үгийг сонсоод бид удаан хөгжиж байгаа юм байна гэх бодол төрж байлаа. Хөгжил гэдэг хүн амын тоо, хүрээгээ тэлсэн байдал, өндөр барилгаар бус тулгарч буй бэрхшээлүүдээ арилгаж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлснээр тодорхойллогддог.

Хэдийгээр бид урагшилж буй ч дэндүү удаан байна. Бээжин хот өнгөрсөн хоёр жилийн хугацаанд л агаарын бохирдлоо 25 хувь хүртэлх хувиар бууруулж чадсан. Харин манай улсад 4-5 жилийн тулгамдаж байсан замын түгжрэл одоо ч хэвээр.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top