Дэлхийн улс орнууд, тэр дундаа манай улсад зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөл болон нас баралтыг бууруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ-аас мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.
Энэ хүрээнд өчигдөр /2022.02.25/ ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ, хорт хавдрыг даван туулагчид болон сэтгүүлчдийн төлөөлөл бүхий чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар ХСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, АУ-ны магистр Г.Ням-Од өвчний шинж тэмдэг, халдварлах зам, эрт илрүүлгийн ач холбогдол болон хожуу үеийн хавдрын эмчилгээ, шалтгаалах хүчин зүйлс, өвчлөл ба нас баралтын талаарх судалгаа мэдээллийг сэтгүүлчдэд өгч, дээрх сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлаа.
Мөн умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн Г.Энхжаргал өөрийн бодит түүхээс хуваалцаж “Хавдраас сэргийлэх хамгийн чухал арга бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах явдал юм билээ. Хавдрын эс илэрлээ, хожуу шатанд оношлогдлоо гээд айж түгшихээс илүү түүнийг даван туулах нь хамгийн том эмчилгээ” хэмээн онцолсон.
Түүнчлэн дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс харьяа хорооны охид эмэгтэйчүүдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг ч хамрагдалтын явц хангалтгүй, иргэдийн идэвхи хандлага тааруу байгааг эмч мэргэжилтнүүд дурьдсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн салбарт цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар юм. Манай улсын хувьд 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг боловсруулан батлуулж, эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган 2013 оноос эхлэн умайн хүзүү, хөхний өмөнгийг эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлсэн байна.
Иймд охид эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал бөгөөд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй юм.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадсанаар эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрхтэн тогтолцооны бусад эмгэг, хүндрэлээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )