ГХЯ: Украинаас ирэх 21 оюутны нислэг ЦУЦЛАГДСАН

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас өнөөдөр (2022.02.25) Украинд байгаа монгол иргэдээ татан авах ажиллагаа болон нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Цаашид ГХЯ-наас яамнаас өдөр бүр 15:00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх юм байна. 


Консулын газрын захирал Б.Болд "Украины Харьков хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байна. Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Өнөөдрийн мэдээллээр тэдгээр хоргодох байранд байгаа зарим оюутан гараад оюутны байр болон өөр байранд очсон байна. Харьков хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээлэлтэй байна. Киев хотод байгаа оюутнууд бүгдээрээ оюутны байрандаа байгаа. Бусад хотуудад байгаа иргэд маань гэртээ байгаа. 

Львов хотод суралцдаг нэг оюутан Украйнд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар Монголын цагаар өнөөдөр өглөө 11:00 цагийн орчимд Польш руу нэвтэрсэн. Энэ дөрвөн иргэнийг Польшийн талд очиход нь манай Элчин сайдын яамнаас тосож, Монгол руу буцах ажлыг зохион байгуулна. Польш улс дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг өөрийнхөө улс руу 15 хоногийн хугацаатай ямар нэгэн виз шаардахгүйгээр нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хилийг нэвтрэх хүсэлтэй иргэдийнхээ жагсаалтыг Польшийн талд хүргүүлсэн. 

Нэмэлт мэдээлэл хэлэхэд, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Украинд байгаа иргэдийг татан авах ажиллагаанд зориулж 500 сая хүртэлх төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. 

Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ.

Нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр эх орондоо ирэхийг зөвлөж, тээврийн зардлыг төр даана гэж мэдээлсэн. 

Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл дараа жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй болох тул ирж чадаагүй юм билээ. Бид оюутнуудыг татан авах гэж сар гаруйн өмнөөс холбогдсон. Үндсэндээ 68 оюутнаас 40 орчим нь эх орондоо ирээд байна.

Бидний зүгээс оюутнуудаа энэ сарын 26, 27-нд Киев-Станбул болон Харьков-Станбул чиглэлийн нислэгээр татан авахаар билетийн захиалга өгсөн байсан боловч тухайн өдрийн нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр дараагийн хувилбар бол иргэдээ газраар татаж авах. Харьковд байгаа оюутнуудыг Орос руу татаж авах боломж байгаа эсэхийг судалж байгаа. Мөн Киев болон бусад хотуудад байгаа монгол иргэдээ Польш, Унгар, Чех гэсэн орнууд руу газраар татаж авах боломжийг судалж байна. 

Одоогийн байдлаар Харьков, Киев болон бусад хотуудаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэж ойлгож байгаа.

Тэгэхээр иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байна. Бид иргэддээ нөхцөл байдал тайван болтол байгаа газартаа байгаарай гэсэн зөвлөгөөг өгч байна" гэлээ. 


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top