ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар 2022 оны 1 сарын 11-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн зорилго нь талууд судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж, Монгол Улсын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмэрээ оруулахад оршно.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 02-р сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулав. Тус хурлын гол зорилго нь судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх, салбарын судлаач, мэргэжилтнүүдийн түншлэлийг өргөжүүлэх, өнөөгийн тулгарч буй сорилт, боломжуудын талаарх санал санаачилга, ололт амжилтыг дүгнэж, сурталчилан таниулах юм. Энэхүү хурлын хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын ажиллагчид, инженер техникийн ажилтнууд, судлаач мэргэжилтнүүд олон улсын болон үндэсний төмөр замын хөгжлийн талаар шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага солилцсон ач холбогдолтой хурал болж өнгөрлөө.
Олон улсын бага хурлын үйл ажиллагааг нээж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш нар үг хэлэв. Зохион байгуулагч нар бага хурлын хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инноваци, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал, нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудлууд зэрэг үндсэн сэдвээр нийт 70 орчим илтгэл хүлээн авснаас 22 илтгэлийг шалгаруулсан.
Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгээс Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяагийн “Монгол орны цэвдэгтэй бүс нутагт уур амьсгалын дулааралд дасан зохицсон төмөр замын далангийн хийц, шийдлүүд”, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга доктор, М.Алтанбагана, Г.Урантамир нарын “Нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт ба төмөр замын төлөвлөлтийн шийдэл хувилбар”, Цөлжилтийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан О.Ишцог, доктор Ц.Ганчөдөр, доктор А.Хауленбек нарын “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуух байгаль орчны төлөв байдал” сэдэвт илтгэлүүд шалгарч, салбар хуралдаануудад амжилттай хэлэлцүүлэв. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн олон улсын бага хурал зохион байгуулагч нар хуралд шалгарсан илтгэлүүдийн илтгэгч нарт Батламж гардуулж, 500,000 төгрөгийн мөнгөн урамшуулал тус тус олгов.
Сэтгэгдэл ( 0 )