Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусь Улсын Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцлоо.
Цахимаар зохион байгуулагдсан тус хуралдаанаар талууд хоёр улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого, зорилтуудын талаар харилцан мэдээлж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.
Түүнчлэн V хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол, Беларусь улсын хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх замын зураглалын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд 2019 онд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон төслүүдийн нэг болох Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллахаар боллоо.
Комиссын хуралдааны үр дүнгээр протокол байгуулж, ээлжит хуралдааныг 2023 онд Минск хотноо зохион байгуулахаар боллоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )