"Жорлон"-гоос "Ганцаардал" хүртэлх хачирхалтай яамдууд

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

1980-аад оны сүүлчээр дэлхийн улс орнууд Итгэл үнэмшлийн (Truth) яам гэх яамыг олноороо байгуулж байсан гэдэг. Тэгвэл Итгэл үнэмшлийн яам “моод”-ноос гарч Аз жаргал болон Гацаардлын яам “моод”-нд орж байгаа бололтой.

Тухайлбал, Аз жаргалын яам дэлхийн олон оронд байдаг. Түүнчлэн 2018 онд  Их Британид Ганцаардлын яам гэж байгуулагдсан. Тэгвэл дэлхийн улс орнуудад ямар сонин содон яам байдаг талаар хүргэж байна.

ГАНЦААРДЛЫН ЯАМ

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ганцаардал. Хайртай дотнын хүмүүсээ алдсан хүмүүс, өндөр настнууд болон бэлэвсэрч үлдсэн эмэгтэйчүүдийг ганцаардлаас аврахын тулд Их Британи 2018 онд  ганцаардлын асуудал хариуцсан яамтай болсон. Их Британийн парламентын гишүүн Жо Кокс  өнгөрсөн 2016 онд ганцаардлын асуудлыг хариуцсан комисс байгуулж, Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулж, яам байгуулахыг уриалсан юм. Гэвч энэ явдлаас хойш удалгүй Жо Коксын амь насыг хөнөөсөн билээ.

Статистик мэдээнээс үзвэл, Их Британид байнга шахуу ганцаараа байдаг есөн сая гаруй хүн, найз нөхөд, хамаатан гэх хүнгүй 200 мянга гаруй өндөр настан байдаг гэнэ.  Өнгөрсөн 2017 онд Их Британид явуулсан судалгаагаар есөн сая гаруй иргэн ганцаардалд шаналж буй нь тогтоогдсон гэнэ. Хэт их ганцаардал нь өвчин эмгэг үүсгэх аюултай гэж британичууд үзэж байна.

Нийгэмд тахал шиг тархаж буй ганцаардал нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйд тун аюултай нөлөө үзүүлж эхэлсэн талаар сэтгэлзүйчид эртнээс анхааруулж ирсэн. Энэ нь цаашлаад зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар үүсэх шалтгаан болж буйг судлаачид анхааруулсаар байгаа юм.

Их Британийн томоохон төрийн бус байгууллагын тэргүүн Марк Робинсон “Ганцаардах нь өдөрт 15 ширхэг тамхи татсанаас ч илүү эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан” гэжээ. Тэрбээр өндөр настнуудыг асрах газарт судалгаа хийхээр олон жилийг зарцуулжээ.  Шинээр байгуулагдаж буй яам эхний ээлжинд Засгийн газар Үндэсний Статистикийн газартай хамтран ганцаардлыг хэмжих арга боловсруулахаар ажиллаж байгаа юм.

 

АЗ ЖАРГАЛЫН ЯАМ

Бутан саяхныг хүртэл Аз жаргалын яамтай цорын ганц улс байсан. Тус улсын Засгийн газрын гол зорилго бол иргэн бүрээ аз жаргалтай болгох. Үүнийгээ ч Үндсэн хуулийнхаа есдүгээр бүлэгт тусгасан байдаг аж.

Хамгийн сонирхолтой нь, хүн амын тооллогын үеэр "Та аз жаргалтай байна уу" гэсэн асуултыг ард иргэдээсээ асуудаг  байна.  2005 онд ард иргэдийн 45.2 хувь нь дээрх  асуултад "Маш их жаргалтай" гэж хариулсан бол 51.6 хувь  нь "Аз жаргалтай байна"  зөвхөн 3.3 хувь  нь "Тийм ч жаргалтай биш" гэжээ. Бутан улсад дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг илүү ойлгомжтой болгох үүднээс "Үндэсний нийт аз жаргал" гэх үгээр сольжээ. 

Тус улсад гэмт хэрэг бараг л гардаггүй байна. Бутанчууд бүс нутгийн бусад үндэстнээс арай илүү нээлттэй, зочломтгой бөгөөд орчин үеийн хөгжил дэвшилд “эвдрээгүй”, өөрсдийн өвөрмөц соёлоо эрхэмлэн нандигнадаг.

Энд амьтан алахыг хориглодог учраас ан гөрөө хийх хориотой. Энэ улс руу химийн бордоо оруулахыг хуулиар хориглосон. Иймээс Бутанд ургаж байгаа бүхэн экологийн хувьд цэвэр. Түүнчлэн ой модыг хяргахыг хориглож, харин ч нэмж мод тарьж суулгадаг. Бутаны өмнөд болон  төв хэсэгт хүний хөл хүрээгүй, суурьшмал амьдралгүй асар том газар нутаг бий. Гайхамшигтай, сайхан ан амьтан, ургамал ногоотой дархан цаазат газар л гэсэн үг. Бутаны хаант улс эх орондоо үйлдвэрлэсэн хүнс, хувцас хунараар өөрсдийгөө бүрэн хангадаг. Хүн ам нь бараг тэр чигтээ үндэсний хувцсаараа (кхо) гоёдог.

Венесуэль-Тус улс өнгөрсөн 2013 онд “Нийгмийн аз жаргалын төлөө” гэх яамыг  ядуурлыг бууруулах,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн тэгш байдлын төлөө үйл ажиллагаа явуулж, гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэх зорилгоор байгуулсан. Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавез улсын төсвийнхөө 38 хувийг Аз жаргалын яаманд хуваарилах шийдвэр гаргаж байсан гэдэг.  Гэхдээ одоо Венесуэль Улс хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа.  АНЭУ- Тус улс 2016 онд Аз жаргалын яам байгуулсан. Түүнчлэн Оход Аль Руми гэх улстөрч эмэгтэйг Эмират дахь анхны Аз жаргалын сайдаар томилж байсан. Тэрбээр "Үндэсний аз жаргал гэдэг нь хүсэл төдий зүйл биш юм. Аз жаргалд хүрэхийн тулд төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, индекс зэрэг байх хэрэгтэй" хэмээн ярьж байсан удаатай.

 

ИОГИЙН ЯАМ

Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Энэтхэг улс 2014 онд Иогийн яамтай болсон. Яамны албан захиргаанд зориулж Энэтхэгийн Засгийн газар жилдээ дунджаар  174 сая ам.доллар төсөвлөдөг байна. Иог нь Энэтхэг орны хамгийн том тодотгол. Тэд энэхүү тодотголоо өдгөө дэлхийн тодотгол болгохоор зорьж байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди анх иогийн өдөртэй болох санаачилгаа НҮБ-д дэвшүүлэн тавьсан. Энэхүү хүсэлтийг дэлхийн орнууд хүлээн зөвшөөрсний дагуу НҮБ-аас жил бүрийн зургаадугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн иогийн өдөр болгон тэмдэглэж байна. Дели хотод болсон иогийн өдөрлөгт 30 мянган хүн оролцож, Гиннесийн амжилт тогтоосон билээ.

 

ЭНХТАЙВНЫ ЯАМ

2016 оны арванхоёрдугаар сард Мьянмар улс 1988 оноос хойш анх удаа ардчилсан сонгууль  хийсэн. Үндэстний цөөнхийн эсрэг тэмцэх зорилгоор нэгдсэн 11 цэргийн офицер өөрсдийгөө төрийн хууль, нөхөн сэргээх комисс гэж нэрлэсэн. Харин 1997 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч Улсын энхтайвны яам болгосон байна. Мьянмар улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай, олон намын системтэй. Мөн цэргийн дэглэмтэй, улс төрийн тогтолцооны хувьд  өнөөг хүртэл армийн хатуу хяналтад байдаг.

 

СУРТАЛ УХУУЛГА, СУРТАЛЧИЛГААНЫ ЯАМ

Хойд Солонгост Суртал ухуулга, сурталчилгааны яам гэж байдаг. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн 2015 онд өөрийн эмэгтэй дүү Ким Ёо Жоныг тус яамны тэргүүнээр томилж байсан. Тус улсын хамгийн идэвхтэй ажилладаг яам гэхэд хислдэхгүй. Өнгөрсөн 2016 онд Хойд Солонгосын талаас  сая  гаруй  суртал ухуулгын хуудсыг БНСУ-ын нутаг руу илгээж байсан удаатай. Нэг хэсэг Хойд Солонгосын цэргийнхэн өдөр бүр суртал ухуулгын хуудаснуудыг Өмнөд рүү илгээж байсан.  Өмнөд Солонгосын талаас хил дээр чанга яригч байрлуулан суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлсний дараа Пхеньян ижилхэн хариу  ийнхүү арга хэмжээг авсан.

 

ЖОРЛОНГИЙН ЯАМ

Японд хамгийн их таалагдсан зүйл чинь юу вэ гэж асуувал хүмүүсийн олонх нь ОО гэж хариулна гэдэгт эргэлзэхгүй байж болно. Японы ОО нь хаана ч үнэ төлбөргүй, өвлийн улиралд суудал нь халуун байдаг. Түүнчлэн тус улс дахь “Seven Eleven” болон “Lawson” тэргүүтэй бүх үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөг ямар ч үед ашиглах боломжтой юм.  Японд албан ёсоор Жорлонгийн яам гэж байхгүй. Гэхдээ япончууд  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах яамаа Жорлонгийн яам гэсэн албан бус нэрээр нэрийддэг. Учир нь  Харуку Аримура гэх эмэгтэй Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын сайд байхдаа жорлонгийн өөрчлөлт хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

 

ЦАЙ ШИНЖЭЭЧДИЙН ЯАМ

99 жилийн тэртээ АНУ-ын Засгийн газар гаднаас импортоор орж ирж буй цайны чанарыг шалгах зорилгоор анх 1897 онд Цайны шинжээчдийн зөвлөл  гэж байгуулж байжээ.  Импортоор оруулж буй цай бүрийг шалгаж, харьцуулж,  нэг стандартай болгохын тулд Цайны шинжээчдийн зөвлөл   сүүлдээ яам болж хүрээгээ тэлсэн байна. Гэвч Билл Клинтон Ерөнхийлөгч болсноор цайнд бусад хүнсний бүтээгдэхүүн шиг өндөр шаардлага тавих хэрэггүй гэж үзсэн учир Цай шинжээчдийн яам болон Цайны импортын тухай хууль 1996 онд хүчингүй болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top