Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Биндэр сум, Чингис хотод БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга ажиллаад ирлээ.
Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтай танилцах үеэр орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын зүгээс хуш модны самар болон бугын эвэр түүхийг тодорхой хугацаанд хориглох, Бурхан Халдун уулыг зорьж ирэх иргэдийн тоо өсөж, орчны бохирдол нэмэгдэж байгаад анхаарал хандуулахыг хүсэв.
Биндэр суманд ажиллах үеэр орон нутгийн захиргаанаас 2020 онд улсын тусгай хамгаалалтад авсан Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг шуурхай байгуулах асуудлыг тавьж байв.
Одоогоор уг газрыг Онон-Балжийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа хавсран хариуцаж байгаа юм.
Дадал суманд ажиллах үеэр АХБ-ны Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдэх аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх байршлуудтай Төслийн удирдах хорооны даргын хувиар танилцав.
Төслийн хүрээнд 2.6 км авто зам, сумын төвөөс аялал жуулчлалын цогцолбор хүртэл 4.5 км цахилгаан дамжуулах шугам, дэд станц, 6750 м.кв талбай бүхий авто зогсоол, бохир ус цэвэрлэх байгууламж, ландфилл байгууламж, нийтийн үйлчилгээний төв, ариун цэврийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
Мөн энэ үеэр Дадал суманд зохиогддог "Балжийн андууд" өвлийн аялал жуулчлалын наадмын нээлтэд оролцов.
Балж, Онон голуудын сав дагуу нутагладаг хөрш орнуудын сум, суурингийн иргэдийг хамруулах, бүс нутгийн соёлын аялал жуулчлалын эвент болгох зорилготой уг арга хэмжээг БОАЖЯ-наас дэмжиж, мэдээлэл сурталчилгаа, зохион байгуулалтад нь дэмжлэг үзүүлэхээр болов.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Цогсомжав болон албаны хүмүүстэй Чингис хотод уулзалт хийж тус аймгийн Дэлгэрхаан, Норовлин, Дадал, Биндэр сумдад хэрэгжиж буй аялал жуулчлалын цогцолборуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар талууд хамтран ажиллахаар санал солилцов.
Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цаг уур, орчны шинжилгээний алба, Хэрлэн голын сав газрын захиргааны албан хаагчидтай уулзалт хийж, зарим цаг уурын өртөө, харуулын станцуудтай танилцлаа.
Энэ үеэр албан хаагчдад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авав.
Хэрлэн голын цутгал Тэнүүн голын урсац бүрэлдэх эхэд ойн мэргэжлийн байгууллагууд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаатай газар дээр нь танилцав. Дээрх асуудлуудыг судалж, шийдвэрлэхийг БОАЖЯ-ны газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд хүргэж ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )