“Оросын цэргийн маш урт цуваа Киев хот руу цувж яваа бол түүнээс ч урт Монголын цуваа Хятадын хил рүү ойртож явааг хиймэл дагуулаас тогтоожээ” гэсэн хошин маягийн яриа гарчээ. Хэдий наргиа ч гэсэн наян хувь нь үнэтэй аж. Нэг нь газар нутаг авах гэж яваа бол нөгөө нь газар нутгаа зарах гэж яваа. Энэ хоёрын хооронд асар их зөрүү бий. Дэлхийг дахинаа ОХУ, Украины дайныг ярьж тэр нь зөв, буруу гэж байгаа тул энэ яриаг түр алгасъя. Мөн Хятад руу зөөж буй нүүрсний талаар ч ярих гэсэнгүй.
Гагцхүү газар нутгийн үнэ цэн, тусгаар тогтнол, эх орон гэдэг өөрөө эрх чөлөө, энхтайван юм байна гэдгийг дэлхий нийтийн энэ дайн улам харуулж өглөө. Байгалийн асар их баялагтай, 70 гаруй сая мал сүрэгтэй орон баян тансаг амьдрах бүрэн боломжтой. Харин бид эвтэй найртай, нэг зорилготой байхын чухлыг энд өгүүлэх гэсэн юм.
Манайханд жалга довны үзэл, нутгархах үзэл маш тод цухалздаг. Эв түнжингүй байх, эвдрэлцэх үүд энэ мэт явуургүй бодлоос л эхэлж байгаа юм. Бид шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байвал хэзээ нэгэн цагт том гүрний хатгалгад автаж, өөр нэг том гүрний халдлагад өртөхгүй гэсэн баталгаа үгүйг энэ дайн ойлгуулж буй биз ээ. Алунгоо эхийн сургаалаар атгасан багц сум шиг бат бэх холбоо харилцаатай, итгэл сэтгэлтэй байж гэмээн ямар ч том гүрэн манай улсыг бутаргаж, үймүүлж, өдөөн турхирч чадахгүй билээ.
Эв найрамдалтай байх тухайд улс орон гэж том яриахаасаа илүү жижигхэн зүйлээс эхэлье. Хажуу дахь хань нөхөртээ итгэлтэй, хайрт найздаа ивээлтэй, хаяа хөршдөө түшигтэй, хамт олондоо ээлтэй, хамаатан садандаа элэгтэй байцгаая. Энэ эерэг хандлага өргөжин тэлсээр улс орны хэмжээнд нийтээрээ, бүгдээрээ сайн сайхан, энх амгалан, эрүүл саруул нийгмийг цогцлооно шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )