Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. Энэ үеэр Гашуунсухайт боомтод автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.
Энэхүү чиглэлээр нийт 66 га газрыг ашиглахаар төлөвлөөд байгаа аж. Энэхүү терминал байгуулагдснаар цар тахлын үеийн экспортын хэмжээ нэмэгдэнэ хэмээн тооцоолоод байна.
Товч мэдээ
· Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.
· “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна.
· Коронавируст халдварын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.
· Монгол Улсын төсвийн цаглабарын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын төсвийн цаглабарт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
· Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг баталлаа. Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт бүхий мал, амьтныг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
· Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталлаа. Тус зөвлөл нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх юм.
Сэтгэгдэл ( 0 )