Цахилгааны тариф нэмэгдээгүй ч нэхэмжлэл дээрх дүн өссөөр

2022 оны 03 сарын 04

Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор тодорхой хэмжээний хөнгөлөлтийг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн. Үүний нэг жишээ бол эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг хөнгөлсөн явдал юм. Энэ жилийн хувьд Засгийн газраас тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зөвхөн эрчим хүчний төлбөрийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн билээ. Гэвч иргэдээс эрчим хүчний төлбөртэй холбоотой гомдлыг манай сонины редакцад удаа дараа ирүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.

 

ЦАХИЛГААНЫ НЭХЭМЖЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ТАСРАХГҮЙ БАЙНА

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон талаар дуулгаж байв. Энэхүү хөнгөлөлтөд 123.800 аж ахуйн нэгж болон 900 мянга гаруй өрх айл хамрагдсан гэх тоо бий. Уг хөнгөлөлтийн төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцсан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн байдаг.

Уг хөнгөлөлтийг энэ оны тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлж байсан. Тодруулбал, зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцан төлөхөөр болсныг олон нийтэд мэдээлсэн юм. Гэсэн ч Засгийн газраас цахилгааны төлбөрт тодорхой хэмжээний хөнгөлөлт олгож байгаа гэх боловч бодит байдалд тэрхүү хөнгөлөлт үнэн зөв байж чадаж буй эсэх нь иргэдэд хардах сэдлийг төрүүлсээр байна.

Иргэд эрчим хүчний төлбөр нь Засгийн газраас хөнгөлөлт олгож эхлэхээс өмнөх үеэс хэд дахин өндөр гарах болсон талаар гомдоллож байна. Иргэн М.О хашаа байшинд амьдардаг аж. Гэтэл түүний нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх эрчим хүчний төлбөр 781.290 төгрөг болсон байна. Үүнээс хөнгөлөлтүүдээ хасвал нийт төлвөл зохих үнийн дүн 571 мянган төгрөг болжээ. Тэрбээр тоолуураа хянаснаар 232 мянган төгрөг нэмж бичигдсэн байна хэмээн тооцоолсон байна.

Мөн иргэн Э.З-гийн төлбөр эхний сард 200 мянган төгрөг гарсан бол хоёрдугаар сард 400 гаруй мянган төгрөг, харин иргэн Б.Бат-Эрдэнийх нэгдүгээр сард 53 мянган төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл ирсэн бол хоёрдугаар сард 123 мянган төгрөгийн төлбөр иржээ. Энэ мэтчилэн иргэдийн гомдол тасрахгүй байна. Иргэн О.Батзаяагийнд нэгдүгээр сард 420 мянган төгрөгийн нэхэмжлэл ирсэн бол хоёрдугаар сарын нэхэмжлэлд 570 мянган төгрөгийн төлбөрийг бичсэн байв.

Мөн иргэн Г.Ариунаа “Унтахаас бусад үед гэртээ байхгүй атал 120 мянган төгрөгийн нэхэмжлэл иржээ. Өмнө нь 50-60 мянган төгрөг гардаг байсан. Хоёр дахин өндөр төлбөр төлж байна шүү дээ” хэмээн мэдээлсэн юм. Иргэн Т.Давааням “Өмнө нь манайхаас 570 мянган төгрөгийг нэхэмжилсэн. Их гарсанд нь гайхсан ч буруу тооцоолоогүй байх хэмээн бодоод төлсөн. Цаашдаа ч энэ мөнгө бага багаар нэмэгдэх вий хэмээн санаа зовж байна” гэлээ.

 

ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААНЫ ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ ГЭВ

 

Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу холбогдох байгууллагуудаас эрчим хүч, дулаан, усны үнийн талаар тодруулсан юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК “Холбогдох мэдээллийг өгөх мэргэжилтэн дотоод хуралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Үнийн тарифтай холбоотой мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос лавлаарай” гэв. Тиймээс үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.

Тус байгууллагын зүгээс “Эрчим хүчний мөнгө хоёр дахин нэмэгдээгүй. Харин цэвэр, бохир усны тариф нэмэгдсэн. Цэвэр бохир усны тарифыг эрчим хүч, дулаантай хамт нэгдмэл байдлаар авдаг учраас нийт төлбөр өндөр гарч байгаа. Гэнэт нэхэмжлэлийн мөнгөн дүн их гарч буйд иргэд бухимдаж, гомдол тасрахгүй байна. Эрчим хүч, дулааны үнийн тарифт өөрчлөлт ороогүй гэдгийг хэлье. Эрчим хүч, дулааны мөнгө 2019 оны зургаадугаар сарын 01-нээс хойш огт нэмэгдээгүй. Мөн Засгийн газраас иргэд болон аж ахуйн нэгжид үзүүлж буй хөнгөлөлт энэ оны зургаадугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ. Одоо ч хэрэгжээд, төлбөрөөс хөнгөлөөд явж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр тогтоолын дагуу Ус сувгийн удирдах газар 2022 оны нэгдүгээр сарын сарын 01-ний өдрөөс эхлэн усны үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлтийн дагуу төлбөр тооцоог хийхээр болсон. Тухайлбал, гэр хорооллын иргэдийн ус түгээх байруудад энэ оноос литр ус бүрийг хоёр төгрөгөөр борлуулж эхэлсэн юм.

Улаанбаатар хотын хүн амд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф харилцан адилгүй үнэтэй. Үүнд, цэвэр усыг литр тутамд тоолууртай бол 1.07 төгрөг, тоолуургүй нөхцөлд 1.56 төгрөгөөр бодох ажээ. Харин бохир усыг литр тутамд тоолууртай бол 0.87 төгрөг, тоолуургүй бол 1.14 төгрөгөөр тооцож байна.

Мөн энгийн тоолууртай бол цахилгааны сарын 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 110.28 төгрөгөөр тооцдог аж. Сарын 151 кВТ.ц болон түүнээс дээш хэрэглээг 130.08 төгрөгөөр тооцдог байна. Хоёр тарифт тоолууртай бол 06.00-21.00 цаг хүртэлх цахилгааны тарифыг 116.18 төгрөгөөр тооцдог ажээ. Харин 21.00-08.00 цагийн цахилгааны тарифыг 88.98 төгрөгөөр тооцдог байна.

Монгол Улс жилд дунджаар 7.2 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаагийн 80.4 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 19.6 хувийг импортоор авч байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа 5.8 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчний 96 орчим хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, дөрөв орчим хувийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцуудад үйлдвэрлэдэг.

Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэлх хөнгөлөлт цааш үргэлжилсээр байна. Илүү гарсныг нь айл өрхүүд өөрсдөө төлөх юм. Эдгээрт зориулан зөвхөн айл өрхийн тог, цахилгааны зардлыг даавал 75 тэрбум төгрөг болох магадлалтай хэмээн урьдчилсан тооцооллыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан.

Тэрбээр "Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Дундаж хэрэглээгээр нь тооцвол нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна” гэж байв.

Иргэд цахилгаан, дулаан, усны үнийн тарифтай холбоотой мэдээллийг цаг адалгүй авч, хүсвэл тайлбар авах боломжийг холбогдох байгууллагууд бүрдүүлж, санал гомдолд нь албан ёсны тайлбар өгснөөр асуудлыг шийдэх боломжтой. Нөгөө талаас иргэд албан ёсны гомдлыг холбогдох байгууллагуудад өгч, асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хэрэв иргэд эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудал үүссэн хэмээн үзэж байгаа бол эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа хангагч аж ахуйн нэгжид буюу Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/-д хандах шаардлагатай.

Хангагчийн зүгээс асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой юм. Харин тоолуур болон тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбоотой асуудлаар Стандартчилал хэмжил зүйн газарт болон хэмжил зүйн улсын байцаагчид хандана.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.47) 2022 оны 03 сарын 05

Сэргээхдээ эрчим хүч хэрэглээгүй гээд байх юм. Салхины 3, нарны 6 цахилгаан станц ажиллаад байгааг мэддэггүй л юм байхдаа. Бид чинь бас эх дэлхийнхээ өмнө хүлээх үүрэг гэж юм байгаа шүү дээ

1  |  0
лаа (43.242.243.38) 2022 оны 03 сарын 05

Өмнөх оноос бага хэрэглэж байхад л их хэрэглэсэн байна зөрүү мөнгөө төл гэсэн мессэж ирээд байх юм.Өмнөх оны шархаа нөхөж байгаа юм байх даа

2  |  0
я(124.158.88.8) 2022 оны 03 сарын 04

энэ сэргээгдэх эрчим хүч гэж ямар юм байнаа. хэзээ ч хэрэглэдэггүй сэргээгдэх эрчим хүчний төлбөр гээд 171,000 төгрөг гарсан байна. энэ нэг өрхөд гэхэд арай хэтэрхий өндөр төлбөр байна.

1  |  0
Зочин(203.169.49.111) 2022 оны 03 сарын 05

Тоолуураар бичигдсэн төлбөрөө төлж болно болно. Хэрэглэсэн цахилгааны төлбөр дээр дураараа 100 мянга гаран төгрөгийн СЭХ-ийг дэмжих төлбөр гэж нэмж авч байгааг бүгд эсэргүйцээчээ.\nБиднийг зүгээр л гэгээн цагаан өдрөөр дээрэмдэж байна ш дэ.\nЮу ч хийдэггүй, хийх ч үгүй хэдэн нөхдийн цалин, машин унааны, оффисын зардлыг бид төлж байна.

2  |  1
Зочин(49.0.178.29) 2022 оны 03 сарын 04

Яахаараа сэргээгдэх эрчим хүчний цахилгаан хэрэглээгүй байхад хэрэглэсэн гээд төлбөр аваад байгаа юм бэ??? Сайд нь юугаа хийгээд энэ СЭХ -ний төлбөрийг таслан зогсоохгүй бнаа. СЭХ хэрэглэсэн хүмүүс нь төлбөрөө төлнө биз!!!

1  |  0
Top