ОЛОН ӨНГӨ: Залууст ээлгүй хот

2022 оны 03 сарын 04

"Улаанбаатар бол залуусын хот" гэж хотын дарга хэлж байсан удаатай. Гэтэл үнэндээ залууст ээлтэй хот яавч биш гэдэг нь олон улсын судалгаанаас харагдана. Манай улс нийслэлээ залуусын хот болгох гэж "Залууст ээлтэй үйлчилгээ", "Залуучуудын тогтвортой хөгжил" гэх мэт чамин нэртэй хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд эхлүүлж байсан ч одоогоор төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Залуу хосууд гэр бүл болж амьдрал зохиоход хамгийн тулгамддаг асуудал бол орон сууц болон цэцэрлэг. Гэтэл "Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг нь төр даана" гэх УИХ-ын тогтоолын төсөл танилцуулаад удаагүй байхад "Сургууль, цэцэрлэг барих хөгжил хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна" гээд хэнэггүй гэх чинь суудаг удирдлагуудтай улсын нийслэл шүү дээ.

Иргэн нь болоод төрчихсөн болохоор ээлгүй хот гээд зугтаад явах боломжгүй залуус гэр бүл зохион үр хүүхэдтэй болно. Гэтэл атга будаанаас сондгойрч зүүний үзүүр дээр тогтож энэ хорвоод мэндэлсэн хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд дахин сугалаанд хожих хэрэгтэй болдог. Аз, хийморь нь гийж байж бусдаасаа арай аятайхан амьдрах боломжтой хот юм шиг.

"Зовлон нэгээр дуусахгүй" гэдэг шиг л араа араасаа асуудлууд гарч ирнэ. Зургаан хүүхэдтэй болж хөнгөлөлт эдэлж чадахгүй байгаа хэд нь арай гэж ипотекийн зээлд хамрагдана. Сарын цалингийн ихэнх хувийг нь татварт төлчихөөд гар дээрээ авсан хэдээсээ зээлээ төлж, үлдсэн жаахан мөнгөө амьдралаа хүргэх гэж толгойгоо ажиллуулах хэрэгтэй болдог.

Энэ амьдралын хэмнэлээ алдахгүй тулд хүүхдээ хувийн цэцэрлэг өгөөд ч болтугай ажлаа хийнэ. Гэтэл ажлын цаг болон цэцэрлэг тарах цаг авцалддаггүй. Үүнээс болж замын түгжрэлд орж цэцэрлэгээсээ эсвэл ажлаа хоцорно.

Боловсролын тогтолцооноосоо эхлүүлээд залуусыг дэмжих ямар ч төрийн бодлого байхгүй улсын нийслэл залууст ээлтэй хот болох ямар ч боломжгүй юм.

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top