Болгар Улсын Аялал жуулчлалын яамны ивээл дор зохион байгуулагддаг 38 дахь удаагийн “Holiday&Spa International Fair” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хэвийн амьдрал руу эргэж очье!” уриан дор 2022 оны хоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Софи хотноо болов.
Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран, АПУ компанийн дэмжлэгтэйгээр тус үзэсгэлэнд анх удаа талбай авч оролцов. Давхардсан тоогоор 11,000 гаруй зочин хүлээн авч, Монголын орчин үеийн хөгжил дэвшил, түүх соёл, аялал жуулчлалын боломж, үндэсний урлаг, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан танилцууллаа. Мөн “Виртуал Монгол” төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болон түүхэн үзмэрийг виртуал орчинд зочдод толилууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа Болгар Улсын Аялал жуулчлалын сайд Христо Продановтай уулзаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Үзэсгэлэнгийн үеэр Болгарын хэвлэл мэдээллийн байгууллага, аялал жуулчлалын сэтгүүлтэй Монголын тухай нэвтрүүлэг, нийтлэл хамтран гаргахаар тохирсон. Түүнчлэн болгарын 30 гаруй компани Монголын аялал жуулчлалын компанитай холбогдох хүсэлт илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )