Д.Ууганбаяр: Ажилдаа сэтгэлтэй хүнд амжилт өөрөө шагнал болон ирдэг

2022 оны 03 сарын 04

Хүн ардын амар тайвны төлөө ямар ч болзолгүйгээр дэд ахлагчаас дэд хурандаа хүртлээ 29 дэх жилдээ зүтгэж байгаа Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Даваагийн Ууганбаярыг энэ удаагийн “Онцлох зочин” буландаа онцолж байна.

Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа хэмээн гитарын аялгуунд гэр бүлийнхэнтэйгээ хоолой нийлүүлэн дуулан суух нь түүний хамгийн аз жаргалтай мөчүүдийнх нь нэг.

Төрдөө тангараг өргөж, түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн цэргийн хүний хувьд харин түүнд ийм мөчүүд ховорхон олдоно.1993 онд цэргийн алба хааж ирээд аавынхаа зөвлөгөөгөөр Цагдаагийн байгууллага, Галын байгууллагын аль нэгэнд орохоор шалгалт өгтөл хоёуланд нь тэнцжээ. Харин багаас спортын авьяастай, гүйж харайх сонирхолтой байсан нь гал сөнөөгч мэргэжлийг сонгоход нь нөлөөлж, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангид томилогдсноор эргэлт буцалтгүй цэргийн хүн болох амьдралынх нь замнал эхэлсэн түүхтэй.

Түүнчлэн Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж, шинэ дээд амжилтуудыг тогтоож, ирээдүйн офицер болох үүд хаалгыг нээж өгсөн байна. 1995 онд зохион байгуулагдсан гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд гурав сунадаг шатны төрлөөр оролцож, рекордыг 95:02 секундын амжилтаар эвдсэн нь түүнийг ДХИС-д суралцах замыг засч өгчээ.

Тодруулбал, албандаа амжилттай ажиллаж байгааг нь үнэлж дээд сургуульд суралцах шалгалтад орох эрхийг тухайн үеийн удирдлагууд олгосон байна. Тус шалгалтад зургаан хүн орсон ч хоёрхон хүн тэнцсэний нэг нь дэд ахлагч Д.Ууганбаяр байв.

Ингээд мэргэжилтэй боловсон хүчин болохоор шамдан суралцаж, 1996 онд сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлүүлсэн ангидаа салааны захирагчаар томилогдон, дэслэгч цолтойгоор үүрэг гүйцэтгэх болсон байна.

Энэ хугацаанд Гал унтраах техникийн олон төрөлт спортоо орхисонгүй. Хичээл зүтгэл нь ч түүнийг шагнаж, тухайн онд зохион байгуулагдсан гал унтраах техникийн олон төрөлт спортын гурав сунадаг шатны төрөлд 91:02 секундын амжилтаар рекордыг дахин шинэчлэн тогтоож, спортын мастер цол хүртэв.

Ерөөс энэ спорт түүний ажил, амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн, байсаар ч байгаа билээ. Тэрчлэн гал сөнөөгчөөс салаан захирагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагач, ахлах байцаагч, гамшгаас хамгаалах ахлах байцаагч, 2018 оноос өдгөө хүртэл аймгийн Онцгой байдлын газрын орлогчоор үүрэг гүйцэтгэн ажиллахдаа ч тэрбээр Гал унтраах техникийн олон төрөлт спортоор алба хаагчдаа хичээллүүлэх сургалтын орчныг бүрдүүлж, дасгал сургуулилтаа хийхэд нь удирдлагын зүгээс, туршлагатай тамирчны хувиар дэмжиж, сурч мэдсэнээ хуваалцсаар байгаа юм. Тиймдээ ч Булган аймгийн Онцгой байдлын газрын тамирчин залуус Гал унтраах техникийн олон төрөлт спортоор улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаа дараа тэргүүлж, рекордуудыг шинэчлэн тогтоосон амжилтуудыг үргэлжлүүлсээр байгаа билээ.

Түүнийг албанд ороход ахлах ахлагч н.Ням угтан авч, аврагч хүн ямар байх ёстой вэ, галыг хэрхэн унтраадаг вэ гэдгээс эхлүүлээд аюулгүй байдлаа хангаж, амь насаа хамгаалах гээд арга туршлагаа хуваалцаж, багш шавийн барилдлага тогтоож байсныг тэрбээр дурсан ярьсан. Харин өнөөдөр тэрбээр fөрөө залуу хойч үеэ сургах, дадлагажуулах үйл хэргийг үргэлжүүлэн явна.

 Ингэхдээ шаардлага тавихаас илүү санаа бодлыг нь сонсож, хамтарч ажиллахыг хичээдэг гэлээ. Аврагчдыг чиглэл, чиглэлээр бэлтгэн, техник хэрэгслийн хангалт сайжирч байгаад удирдлагын хувьд талархалтай хандаж, залуучуудаа чадавхжуулах сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулдаг байна. Булган аймгийн хувьд Монгол Улсын хэмжээнд тохиолдож байгаа бүхий л гамшиг осол болох ой, хээрийн түймэр, усны осол, үер, зам тээврийн осол, цасанд суусан, төөрсөн гэх дуудлагууд зонхилно.

Эдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог нь усны осол болон ой, хээрийн түймрийн дуудлага. Тиймээс ой, хээрийн түймрийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд сайн дурын идэвхтнүүдийг орон нутгийн төсвөөр урамшуулан ажиллуулдаг гэнэ. Идэвхтнүүд ой, хээрийн бүсэд эргүүл, хяналт шалгалт хийж, түймэр гарсан тохиолдолд эрт мэдээлдэг болсноор ой, хээрийн түймрийн шуурхай унтраах, түймэр гарах эрсдэл буурчээ.

“Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн хаана ч явсан эрсдэлийг тооцож, мэргэжлийн зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх ажлаа хийж л байдаг. Ажлаараа “өвчилнө” гэдэг л тэр байхдаа” хэмээн дэд хурандаа хуучиллаа.

Түүний аав Булган аймгийн Тэшиг, ээж нь Хутаг-Өндөр сумынх. Насаа хүнсний үйлдвэрт ажиллаад, гавьяаны амралтаа авсан сайхан буурлууд бий. Найман хүүхдийн ууган ах болох тэрбээр харин Булган суманд төрж өсөөд, тэндээ ажиллаж, амьдарсаар аж.

Айлын хүүхдүүд шоглож, анги, танхимдаа үймүүлсэн хэргээр аав, ээжийнхээ чихийг багагүй халууцуулж явсан дэггүй хүү ахлах ангидаа орж, спортоор хичээллэж эхэлснээс хойш “томоожсон” гэнэ лээ.

Аав, ээжийнхээ тусч, хичээнүй занг үлгэрлэн авч, үр хүүхдэдээ үргэлжүүлж яваа түүний хувьд сайн хань, бас сайн аав. Эхнэртэйгээ долдугаар анги байхаасаа үерхэж, аравдугаар ангиа төгсөөд гэр болцгоожээ. Том охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж, боловсролын байгууллагад ажилладаг бол бага охин нь арванхоёрдугаар ангийн сурагч. Чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ зураг зурж, гитар тоглон, гарынхаа хоолыг хийж, хамтдаа өнгөрүүлэх дуртай. Охидууд нь ч ааваараа гуляш хийлгэж идэх дуртай. “Амралтын өдөр боллоо доо аав хоолоо хийж өгөх нь дээ” гээд л хүлээдэг хэмээн тэрбээр инээмсэглэн ярина. Дүү нар нь ч хүүхдүүдийнхээ хамтаараа Уугаа ахындаа зочлох дуртай. Хүүхдэд элгэмсэг, найрсаг бас амттайхан хоол хийж, олонтойгоо байх дуртай түүний зан хүүхдүүдийн хайрыг татжээ.

Бусдыг ойлгодог, дэмждэг, аль болох ярилцдаг зан чанарт дуртай. Энэ л зарчмаар ажилладаг, сургадаг, бас үлгэрлэхийг хичээдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг сонголтоо зөв хийсний үр дүн, зүтгэлийнхээ шимээр хүний дайтай сайхан амьдарч байна. Шантарч үзээгүй ээ. Улам л ажилдаа дурлаж, суралцахыг эрмэлздэг байсан нь өдий зэрэгтэй албан тушаалд дэвшин ажиллахад хүргэсэн байх. Бусдын төлөө хийсэн бүхэн гавьяа гэж боддог. Хамтран үүрэг гүйцэтгэж байгаа үе, үеийн удирдлага, хамт олноосоо олон ч зүйлийг сурч, өөрийн туршлагаа хуваалцаж хамтран ажиллаж байна гэж амьдралын замналаа товчхон тодорхойлсон түүний “Ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, дурлаж чадвал цаг хугацааны

эрхээр амжилт өөрөө шагнал болон ирдэг юм байна. Амжилт гэхээс илүү харилцан ойлголцож ажиллаж чаддаг сайхан хамт олон минь миний бахархал. Алба хаагчдынхаа хийсэн бүтээсэн, бусдын төлөө энэрлийн гараа сунгаж, энэхэн биеэ зориулах зориг бүхнийг нь өндрөөр үнэлдэг” гэж хэлсэн үгээр нь энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top