Өнөөдөр oilprice.com-ийн мэдээллээр Брент төрлийн тосны үнэ баррель нь 112.68 ам.доллар, “WTI” төрлийн газрын тосны үнэ 109.25 ам.доллар байна. ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа юм.
Манай тухайд шатахууны импортын хамааралтай учраас газрын тосны гадаад зах зээлийн үнэ байнга чухал байдаг. Шатахуун импортлогч компаниуд ОХУ-аас шатахуун авахдаа, Сингапурын бирж үнээр тооцож авдаг.
Энэ удаад үүсээд буй нөхцөл байдлыг аваад үзэхээр, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2014 оноос хойш түүхэн дээд түвшинд хүрээд буй ч, улс орнууд ОХУ-тай харилцах эдийн засгийн харилцаандаа хориг арга хэмжээнүүд авч байгаа нь хэдий хэр хугацаанд үргэлжлэхээс хамаарч, тус улсын нийлүүлэлтэд нөлөөлнө. Түүнчлэн ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтэд гарах өөрчлөлтөөс хамаарч, манайд нийлүүлэх газрын тосны үнийн түвшинд ирэх саруудад өөрчлөлт гарах уу, эсвэл зах зээлийн зарчим хэвийн мөрдөгдөх үү гэсэн асуудал анхаарал татаж байна.
УУХҮЯ-ны мэдээллээр улсын хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 198,945 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 13,248 тонн, АИ-92 автобензин 56,133 тонн, ДТ 121,504 тонн байна. Хоногийн хэрэглээгээр авч үзвэл, АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 79, ДТ-ний 44 хоногийн нөөц байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 123,498 тонн буюу АИ-92 автобензиний 41, АИ-95/98 автобензиний 36, Дизелийн түлшний 47 хоногийн буюу хэвийн нөөцтэй гэсэн мэдээллийг өгч байна.
Шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ өмнөх 10 хоногоос өссөн аж. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь, А-80 автобензин 24 хувь, 22.6 хувиар тус тус нэмэгджээ.
Манай улс он гарсаар нийт 293.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 5.5 мянган тонн, АИ-92 109.6 мянган тонн, АИ-95/98 3.1 мянган тонн, дизелийн түлш 148.3 мянган тонн, онгоцны 3.5 мянган тонн түлш, 23.5 мянган тонн бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард 99.8 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалснаас 61 мянган тонныг нь хүлээн авчээ. Үлдэгдэл 38.8 мянган тонн ачааг татан авахаар ажиллаж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )