Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг мэдээлэл гарч байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.03.04/ Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өглөө.
Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын дулааны эрчим хүчний үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөлдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцоллоо.
Орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, айл өрхийн амьжиргааны өртгийг бууруулах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай” 410 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна. Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэл хотод 392 мянган айл өрх, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдах ба орон сууцны айл өрхийн 78 хувь, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төрөөс бүрэн төлүүлэх боломжтой байна. Энэхүү төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд урьдчилсан дүнгээр 72.1 тэрбум төгрөгийг Төрөөс хариуцан ажиллахаар байна. Ингэснээр цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна.
Гэр хорооллын айл өрхүүд 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг Нийслэл Улаанбаатар хотын адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү журмын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн жил бүрийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгчдэд мөрдүүлж байна.
Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлнэ. Харин 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн тус тус хөнгөлөлт үзүүлээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
нөат ийн хувь байх
Орон сууцны айл 38278 төгрөгийн хөнгөлөлт эдлэнэ. бусдыг төл гэсэн байна Ойролцоо л юм байна. Энэ нь 3022 төгрөгний зөрүүтэйл юм байна. Энэ нөгөө телевизийн төлбөр юм болов уу\n