Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын дулааны эрчим хүчний үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөлдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцолж байлаа. Дээрх хэвлэлийн бага хурлын мэдээллийг багцлан хүргэж байна.
1,107.2 мянган хэрэглэгчийн 868.5 тэрбум төгрөгийн
төлбөрийг Засгийн газраас хариуцжээ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд буюу нийт 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан. Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369.0 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж 868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.
Орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, айл өрхийн амьжиргааны өртгийг бууруулах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай” 410 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна. Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэл хотод 392 мянган айл өрх, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдах ба орон сууцны айл өрхийн 78 хувь, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төрөөс бүрэн төлүүлэх боломжтой байна. Энэхүү төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд урьдчилсан дүнгээр 72.1 тэрбум төгрөгийг Төрөөс хариуцан ажиллахаар байна.
Ингэснээр цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна.
Гэр хорооллын айл өрхүүд 2021 онд 23.6 тэрбум
төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг Нийслэл Улаанбаатар хотын адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү журмын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн жил бүрийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгчдэд мөрдүүлж байна. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх ба 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн тус тус хөнгөлөлт үзүүлээд байна.
Эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө 5-59 хувиар доогуур байна
Тарифын ангиллаар авч үзвэл Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/кВт.ц буюу өртгөөс 5.0 хувиар, аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25.0 хувиар, орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50.0 хувиар, гэр хорооллын айл өрх 141.0 төг/кВт.ц буюу 59.0 хувиар тус тус доогуур тарифыг мөрдөж байна.
Эрчим хүчний салбар 2021 онд 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ
Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18 хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш 3 жилийн хугацаанд үнэ тарифт огт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсэн. Үүний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан бөгөөд тус алдагдлыг эрчим хүчний салбар бүрэн хариуцан ажиллаж байна.
2019 оноос хойш гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар, үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна
Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох эрсдэл байна. Мөн эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлодог уурхайнууд 1 тонн нүүрсний үнийг 20-30 хувиар нэмэгдүүлэх, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” нүүрсний тээврийн тарифыг 26.2 хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр компаниудаас үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тарифыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа ирүүлж байна. 2019 оны сүүлийн хагас жилээс хойших хугацаанд гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар, мөн үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Цахилгаан дулааны төлбөр өрхийн нийт орлогын 5.5 хувийг эзэлдэг
Нэг сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 50 м2 талбайтай, 4 ам бүлтэй айл өрхийн цахилгааны төлбөр НӨАТ-тай дүнгээр 36,220 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 1 айл өдөрт дунджаар 1200 төгрөг, тухайн өрхийн 1 хүн өдөрт 300 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг байхад ганц удаа зорчих автобусны билетийн үнэ 500 төгрөг, 1 хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байна. Мөн 1 хүний дулааны өдрийн төлбөр 350 төгрөг байхад 1 шуудай модны үнэ хэмжээнээс хамаарч 3000-5000 төгрөг, 1 шуудай түлшний үнэ 3750 төгрөг байна. Одоогийн мөрдөж байгаа үнэ тарифаар дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын цахилгаан, дулааны төлбөр нь тухайн айлын нийт орлогын 5.5 хувийг эзэлж байна. Манай улсын 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2 ам.цент (175 төгрөг) байгаа нь гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоёр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна.
Зохицуулах хороонд 2022 оны эхний 2 сарын байдлаар нийт 588 хэрэглэгчийг хамарсан 36 өргөдөл гомдол иржээ
Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу өөрийн эрх үүрэгт хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. 2022 оны эхний 2 сарын байдлаар нийт 588 хэрэглэгчийг хамарсан 36 өргөдөл гомдол бичгээр ирсэн, үүний 53 хувь буюу 19 нь иргэнээс, 33 хувь буюу 12 нь аж ахуйн нэгж, 11 хувь буюу 4 нь сууц өмчлөгчдийн холбооноос, 3 хувь буюу нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн маргаан байна.Нийт өргөдлийн 75 хувь буюу 27 өргөдөл нь цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой байсныг хянан шалгаж 7 хэрэглэгчид 32.5 сая төгрөгийг буцаан олгох, 5 хэрэглэгчийг хангагчийн нэхэмжилсэн 17.3 сая төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоон шийдвэрлэсэн. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой өргөдлийг судлах явцад хангагч, хэрэглэгч талуудын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан байна.
Эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой мэдээлэл лавлах утасны дугаарууд:
Сэтгэгдэл ( 0 )