ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баярт 20 мянга гаруй хүн цуглажээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол эх орноо гаднын жуулчдад сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор өчигдөр /2022.03.03/ эхэлсэн.

Энэ удаагийн мөсний баярт Архангай, Булган,  Говьсүмбэр, Дархан, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Эрдэнэт зэрэг 10 гаруй аймгийн иргэдээс гадна гадаадын жуулчид хамарсан 20 мянга гаруй иргэн, 2800 орчим тээврийн хэрэгсэл хүрэлцэн очжээ.

Хорь дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа мөсний баярыг өмнөх хоёр жил коронавируст халдвартай холбоотойгоор өнжсөн бөгөөд энэ жил ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Мөсний баярт нийт 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хөвсгөл аймгийн нийт 1200 иргэн баярт оролцож, гар урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, нутгийн идээгээ худалдан борлуулж байна.

Түүнчлэн Хөвсгөл нуурын мөсөн дээр уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн сонирхолтой мөсөн урлалыг хийж бүтээжээ.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top