
"17" продакшн болон "Voo"-ийн хамтарсан "Хохирогч" уран сайхны кино өнөөдөр (2022.03.04) хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох энэхүү кино эхнээсээ дуусах хүртлээ үзэгчдийг таавар дунд байлгана гэдгийг амлав.
Тус киноны зохиолыг "Холливуд" гэгддэг жүжигчин Б.Амарсайхан бичжээ. Харин продюсерээр түүний гэргий С.Уран ажиллаж, Б.Баярсайхан найруулсан байна. Кино нийтдээ 10 ангиас бүрдэх бөгөөд дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн албан ёсоор үзэгчдийн хүртээл болно.
Амьдралын урт зам дунд бид өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгний хохирогч, эсвэл хохироогч болсон байдаг. Зорилгодоо л хүрч байвал бусад нь хамаагүй хэмээн бодсоноо өөрөө ч анзаараагүй үе таньд байсан уу? Энэ бүхэнд "Хохирогч" кино хариулт өгнө.
Жүжигчин Б.Амарсайхан: Та бүхэн манай киног тааж чадахгүй. Нэг анги дуусаад дараагийн анги эхлэхэд таны таамаглаагүй зүйлс өрнөж эхлэх болно. Үүнд би үнэхээр итгэлтэй байна
-Кино үзэгчдийн зүгээс өндөр хүлээлттэй байна. Чухам яагаад энэ сэдвийг барьж авах болсон бэ? Олон ангит кинонд тоглох, тэр тусмаа зохиолыг нь бичсэн кинондоо тоглох ямар байсан бэ?
-Бид өнөөдөр анх удаа сэтгүүлчдэд киногоо үзүүллээ. Тоглож байсан кинонуудаасаа анх удаа ингэж киногоо танилцуулж байна. Миний тоглосон хоёр дахь цуврал кино. Өмнө нь "Марко Поло" кинонд тоглож байсан. Зохиолчийн хувьд уран бүтээлч хүмүүсийн сэтгэл дотор юу буцалж, юу эмзэглүүлж байдаг вэ гэхчлэн бүхнээ гаргахаар шийдэж, зохиолыг бичсэн. Үүгээрээ дамжуулж нийгэмд өгөх мессеж, асуух асуултаа илэрхийлдэг. Зохиолчийн хувьд маш том эмзэглэл байгаа. Киног дуустал нь үзээд энэ бүхэн тодорхой болох байх.
-Зохиолоо хэр хугацаанд бичсэн бэ?
-Зохиолоо бид өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээс бичиж эхэлсэн. Ерөнхий санаа нь байгаад л байсан. Яг бүрэн төгс зохиол болгож эхэлсэн нь өнгөрөгч зургаадугаар сард. Ковид тусаад тусгаарлагдаж байхдаа зохиолоо эрчимтэй бичиж эхэлсэн. Дүр сонголт дээрээ бид их удсан. Жүжигчдээ сонгож, есдүгээр сарын 27-ноос зураг авалтаа эхэлж, хоёр сарын хугацаанд дуусгасан. Манай баг цөөн хүний бүрэлдэхүүнтэй. Нийт 23, 24 хүн л кино багт маань ажилласан.

-Киноны хамгийн тэсрэлттэй сцен хаана байсан бэ?
-Би нэг зүйлийг бардам хэлж чадахаар байна. Зохиолдоо үнэхээр итгэлтэй байгаа. Манай монголчууд гэлтгүй кино үзэх дуртай хүмүүс дараагийн үйл явдлыг таах дуртай байдаг. Та бүхэн манай киног тааж чадахгүй. Нэг анги дуусаад, дараагийн анги эхлэхэд таны таамаглаагүй зүйлс өрнөх болно. Үүнд би үнэхээр итгэлтэй, бардам байна. Тийм болохоор киногоо үзээд, өөрсдийн төсөөлөх чадварыг сориод үзээрэй.
-Дүр сонголтын хувьд хэрхэн анхаарсан бэ?
-Манай жүжигчид бүгд өөр системээр суралцаж, мэргэшсэн хүмүүс. Жүжигчин Н.Цэнд-Аюушийн хувьд И.Нямгаваа найруулагчийн шавь. Харин Г.Ариана Германаас ирж, зураг авалтад оролцсон. Тэс өөр системээр суралцсан жүжигчид. Гэх мэтчилэн өөр өөр уур амьсгалтай жүжигчид нэгдсэн нь уур амьсгалыг гайхалтай болгосон. Найруулагч Б.Баярсайханы хэлснээр жүжигчид overact буюу хэтийдэн жүжиглэх тоглолт байхгүй, яг амьдрал дээрх өгөлт, хүлээн авалтыг гаргаж жүжиглэсэн. Сайн эсвэл муу гэсэн ангилалд багтахгүйгээр бүх уур амьсгал сүлэлдэн оршиж байгаа. Тиймээс сайн хүн, муу хүн гэдэг талаар дүгнэж, хэнийх нь талд орохоо үзэгчид өөрсдөө шийдэх байх.

-Таны илэрхийлэхийг хүссэн эмзэглэл тань юу байсан бэ?
-Хүн бүрийн дотор эмзэглэл бий. Бүгдээрээ ямар нэг байдлаар хохирогч болсон байдаг. Та ч бас нэг хохирогч нь байж магадгүй. Энэ кинон дээрээс түүнийгээ олж хараасай гэж хүссэн.
-Зураглаач, зураачид мөн маш сайн ажилласан санагдлаа. Технологи талаасаа ярьвал?
-Mongolian Connection, Under the Turkey sky зэрэг сүүлийн 4, 5 кинонууд дээр дандаа гаднын зураглаачидтай ажилласан. Энэ удаад дандаа монгол уран бүтээлчид ажилласан. Манай зураглаач нар техникийн дэвшил гэхээсээ илүү хүний дэвшил нь өөрөө асар өндөр түвшинд очсон байна. Тэд маань үнэхээр гайхамшигтай. Манай гэрэлтүүлэгчдийг гаднын уран бүтээлчид өндрөөр үнэлдэг. Мөн нүүр хувиргагчид маань дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Бид энгийн 6к, black magic гэх камераар бичсэн. Тиймээс хувь уран бүтээлчдийн хөгжил хэр төвшинд хүрснийг харж болно.







Сэтгэгдэл ( 3 )
ene nuhur odoo yuch yarsan Mglchuud hun chanriig tansan uchir thachaa da ⁉️ anduuthan nuhur odoo neeh thaach yavhuu ungu mungu tuluu yaahaasch buthahgui hudlaa nuhud 20zuund neleen jiilgene de
Шаа шаа шүдэнз садаа, чиний кино зохиол бичнэ гэж ямар ацных нь юм байхав дээ,
ЭХЛЭЭД КИНОГОО ШУУД Л ГАЙХШРУУЛНА, ЛАГ зохиол болсон, ЖҮЖИГЧИД НЬ мундаг , сайн мундаг тоголсон гд үзээгүй байхад нь МАГТААД БАЙХ НЬ ТЭНЭГ ЮМАА, ХҮМҮҮСТ киногоо үзээд ГОЁ бол магтаад л дороо тархана, наана нь гоё гээд магтаад ТОМ хүлээлттэй ҮЗСЭН чнь олигтой биш бол унраад л хог болно, СИНСААЦ ХЭРЭГГҮЙ, үзэгч шүүчихнэ,ТАГТААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ