Монголын банкуудын актив ₮36.8 их наяд болж, ДНБ-д ойртлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

2021 онд банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа гэж  Монголын Банкны холбооноос мэдэгдлээ. Банкны  салбарын нийт актив жилийн эцэст өмнөх сараас 2.3 хувиар нэмэгдэж ДНБ-ий хэмжээнд ойртсоныг тодотголоо.

Монгол Улсын ДНБ сүүлийн тооцооллоор 37.2 их наяд төгрөг байгаа. Тэгвэл банкуудын нийт актив 36.8 их наяд төгрөг байна.  Банкны системийн нийт актив 2021 онд  4.3 их наяд төгрөгөөр өссөний дийлэнх хувийг системийн нөлөө бүхий банкуудын активын өсөлт бүрдүүлж байна. Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны актив голлон нэмэгджээ.

Тодруулбал, Хаан банкны актив 12.2 их наядаас 13.6 их наяд төгрөг, Худалдаа хөгжлийн банкны актив 8.2 их наядаас 9.6 их наяд орчим болж өсжээ.

Геополитик, гадаад худалдаанаас шалтгаалж санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл байсаар байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд мөнгөний болон сангийн тэлэх бодлогын хүрээнд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлүүд олгож эхэлсэн.

Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан иргэд, ААН-үүд, ажлын байрыг дэмжих зээл авсан ААН-үүд 2022 онд зээлээ төлж эхлэх бөгөөд ингэснээр чанаргүй зээл нэмэгдэх магадлалтай гэж үзэж буй аж.

Банкны тухай хуулийн хүрээнд, системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж буй хэдий ч таамаглаагүй гадаад хүчин зүйлээс үүдэлтэй олон улсын санхүүгийн цочролтой үед иргэд, хөрөнгө оруулагчид энэ үйл явцад бэлэн байна уу гэдэг асуулт анхаарал татаж буйг онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top