Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж байхгүйгээс 2-3 настай хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг болоод хэдэн жилийг үдлээ. Түүнчлэн зарим хүүхдүүд гэр цэцэрлэгт хамрагдаж байгаа жишээг Zindaa.mn сайт өнгөрсөн долоо хоногт сурвалжилсан.
Тэгвэл гэрт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэргүүдийн өөр төлөөлөл Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэг шинэ байртай болсон сайхан мэдээг хуваалцъя.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар /2022.03.04/ Багануур дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ өнгөрсөн сард ашиглалтад орсон 132 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Нийслэлийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 23 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
40 жилийн түүхтэй тус цэцэрлэг нь өмнө нь гэрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд шинэ барилгатай болсноор багш, ажилчдын орон тоо болон хүүхдийн орны тоо нэмэгдэхээс гадна хүүхдүүд илүү тохитой, аюулгүй орчинд хичээллэх боломж бүрдэж байна.
Багануур дүүрэг нь хүүхдүүдээ 100 хувь хамруулдаг ч хүн амын өсөлт, суурьшилт тэлж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн тоогоо нэмж буй. Ирэх хавар гэхэд 2 дугаар хороонд мөн 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулахаар ажиллаж буйг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тус цэцэрлэгийн нээлтийн үеэр хэллээ. Мөн тэрбээр “Анх гадаа жорлонтой, гэрт хүүхдээ хүлээн авдаг байсан тус цэцэрлэгт шинэ барилга барих саналыг хүлээн авч, төсөв хөрөнгийг нь шийдэж өгсөн тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, одоогийн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд баярласнаа илэрхийлье” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )