Банкуудын ам.доллар худалдах үнэ Төв банкны ханшаас 9-10 төгрөгөөр илүү байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш сүүлийн  /2022.03.06/ байдлаар 2,873.32 төгрөг байна. Хоёрдугаар сарын сүүлийн өдөр буюу 28-нд  2,864.45 төгрөг байсан. Тэгэхээр Төв банкны албан ханшаар төгрөг ам.долларын эсрэг нэг өдөрт нэг төгрөгөөр суларч байна.

 

Арилжааны банкуудын мөрдөж буй ханшийг харахад, төгрөгийн сулралтын хувь илүү өндөр байгаа юм. Тухайлбал:

 

  • Хаан банк 2 дугаар сарын 28-нд 1 ам.долларыг  2856 төгрөгөөр худалдан авч, 2,871 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөдөр 2,882 төгрөгөөр худалдаж байна.

 

  • Голомт банк 2 дугаар сарын 28-нд  2856 төгрөгөөр худалдан авч, 2872 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөдөр 2882 төгрөгөөр худалдаж байна.

 

  • Худалдаа хөгжлийн банк  2 дугаар сарын 28-нд  2,857 төгрөгөөр худалдан авч, 2,872 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөдөр 2882 төгрөгөөр худалдаж байна.

 

  • Хас банк  2 дугаар сарын 28-нд 2,862 төгрөгөөр худалдаж авч, 2,868 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөдөр 2883 төгрөгөөр худалдаж байна.

 

  • Төрийн банк 2 дугаар сарын 28-нд 2860 төгрөгөөр худалдаж авч, 2873 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөдөр 2882  төгрөгөөр худалдаж байна.

 

  • Богд банк 2дугаар сарын 28-нд 2,858 төгрөгөөр худалдан авч, 2,870.50 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөдөр 2883 төгрөгөөр худалдаж байна.

 

Сануулахад, өнгөрсөн 2021 оны турш буюу бүтэн жил тогтвортой байсан ам.долларын  ханш энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр хойш тогтмол өсөлттэй байна.

2021 онд  төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш  2,849.34 төгрөгт хүрсэн нь өмнөх сарын эцсээс 0.005 хувиар суларч, өмнөх оны мөн үеэс 0.02 хувиар чангарсан үзүүлэлт болж байв.

Төгрөг ийнхүү суларч буйтай зэрэгцэн Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад ам.долларын нийлүүлэлт долоо хоног бүр хийж байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 184 сая ам.доллар банкуудад нийлүүлжээ.

Дашрамд тодотгоход, Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээс харахад, хэрэглэгчид ирэх зургаан  сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2945 төгрөг байна гэсэн хүлээлт давамгайлж  байгааг NRCC судалгааны байгууллагаас мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top