Д.Бат-Эрдэнэ: Хэргийн газар шинжээчид ажиллаж байна

2022 оны 03 сарын 07

Яармагт орон сууцын байр шатаж буй бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Хан-Уул дүүрэгт 13 давхар орон сууцны гадна фасадын хэсэг шатаж байгаа тухай дуудлага мэдээлэл авсан. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Тэгвэл тус дүүргийн яг аль бүсэд гал гарсан талаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнээс тодруулахад

“Галын дуудлага 14.07 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах дөрвөн ангийн алба хаагч нар шуурхай ажиллаж, галыг унтрааж дууссан. Гал гарсан объект Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг. Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. Одоогоор аль компанийн барилга талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Эх сурвалжаас өгсөн мэдээллээр гал гарсан орон сууцад гадна фасад болон дотор заслын ажил хийж байсан 12 хүн байсан гэнэ. Тэднийг аврагчид аюулгүй гаргаж авч чадсан байна. Галын шинжээчид болон цагдаагийн байгууллагаас хохирлын хэмжээг тогтоох, гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Баригдаж дуусах дөхөж байсан орон сууц байсан тул тус барилгад захиалга өгсөн олон хүн байсан нь дамжиггүй. Тэдний хохирлыг хэн, хэзээ төлөх, барилга барьж байсан компани даатгалтай байсан эсэх талаарх мэдээллийг дараагийн дугаартаа мэдээллэх болно.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top